Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.04) 18 цаг 15 минутад 51.4 хувийн ирцтэй эхэллээ. Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн  даргалав.

Хамтарсан хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр дээрх төслүүдийг өргөн мэдүүлсэн болохыг хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Агаарын бохирдол нь нийслэл төдийгүй аймгийн төвүүдийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудал болохыг тэрбээр дурдаад “Өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт ажиглалтын 50 гаруй хувь нь стандартаас давсан бохирдолтой байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн гараагүй, цаг алдаж байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настан амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл өндөр байна” гэлээ. Товчхондоо, суурин газруудад үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглах, салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлага тулгарсан гэлээ. Иймд холбогдох хууль, эрх зүйн бусад актад нийцүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн дээрх төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан агаарын бохирдлын эсрэг санг байгуулахаар тусгажээ. Энэ тусгай сан нь агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдуулах бодисын хаягдлыг багасгах зорилтын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санхүүжүүлэх аж. Түүнчлэн тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлаас үүдэн иргэдийн эрүүл мэндийг нэн тэргүүн хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгчийг, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох төслүүдийг боловсруулсан байна.  

Н.Цэрэнбат сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Тогтохсүрэн, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг нар зарим зүйлийг тодруулж асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд агаарын бохирдол, утаатай холбоотой асуудалд ердөө өвөл, хавартаа анхаарал хандуулдаг болохыг шүүмжлээд бодитой үр дүн гарахуйц ажлууд төлөвлөн, шийдэж чадах хүрээгээ ард иргэддээ шударгаар зарлаж, зөвхөн өвөл, хавар төдийгүй жилийн турш энэ чиглэлээр идэвхтэй, үр дүн гарахуйцаар ажиллах шаардлагатай гэдгийг хэлж төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. 


Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 20-нд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталсан бөгөөд уг хөтөлбөрт орчны бохирдлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгасан байдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэллээ. Гэвч салбарын яамны зарим агентлагийг татан буулгаж, төсвийг танасанаас үүдэн дорвитой үр дүн гарахуйц ажлуудыг хийх боломжгүй байгааг тайлбарласан. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн ч гэлээ өвлийн улиралд хийх боломжгүй тул нэн тэргүүнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс агаар цэвэршүүлэгч, амны хаалтыг хэрэглүүлж занших, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг хямд өртгөөр иргэдэд хүргэх зэрэг арга хэмжээг ойрын хугацаанд авах боломжтой байгааг тайлбарлав. Түүнчлэн сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс зарцуулсан хөрөнгө ихэссээр байгаа гэдэг ташаа мэдээлэл түгээд байгааг салбарын сайд нь хэлээд “2017 онд 4.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд үүний 3.5 тэрбум төгрөгийг гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэгэлсний төлбөрийн татаасанд суутгагдсан” гэлээ.


Хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “18.5.Хэрэв уг төслийг баталснаар тухайн санхүүгийн жилийн улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын санал, дүгнэлтийг заавал сонсоно” гэсэн заасан байдаг, харин хэлэлцэж буй төслүүдтэй холбоотойгоор улсын төсвийн орлого, зарлагын хэмжээнд өөрчлөлт орно гэдгийг хэллээ. Харин энэ талаарх Засгийн газрын санал, дүгнэлт ирээгүй байгаа учир Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Ийнхүү Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл