Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 48 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 48 дахь дугаарт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.


Дээрх тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томилсон байна. Мөн Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Байнгын хорооны даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Самандын Жавхланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лхагваагийн Элдэв-Очирыг сонгосон байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүний томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд, Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай, Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсад зохион байгуулах тив, олон улсын спортын тэмцээний тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай   Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болж, 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг  Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг  хяналтын журмаар хянан шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар хуульчилсан бөгөөд ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг  Улсын Их Хурал агуулгаар нь төдийгүй үгийн утгаар нь илүү явцууруулан дахин сэргээн баталсан хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзэж тус хуулийн заалтыг хүчингүй болгожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл