Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.31) хуралдаан 16 цаг 56 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон холбогдох албаны хүмүүс оролцсон.
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асууж, санал хэлэв. Тэрбээр “Эдийн засгийн байнгын хороо болон гишүүд, Ажлын хэсгийнхэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг бодитой батлуулахын тулд өдөр шөнөгүй сууж ажилласан. Үндсэн чиглэлийн төсөлд анх удаа аудитын дүгнэлт хүртэл гаргуулсан. Байнгын хорооны зүгээс урьдынх шиг мөрөөдлийн жагсаалт мэт үндсэн чиглэлийг батлахгүйн тулд чамбай ажиллаж, нямбай хандсан. Гэтэл Засгийн газрын гишүүд үндсэн чиглэлийн төслөө хамгаалахгүй байгаад харамсаж байна” гэж байлаа.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3 хэсэгт нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж заасныг үндэслэн зарчмын зөрүүтэй санал гаргажээ.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг “Сангийн сайд болон Ажлын хэсэг эдийн засаг хүнд, бэрхшээлтэй байгаа энэ үед хөрөнгө санхүү нэмэх саналыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа учир уг саналыг оруулж ирсэн” гэж саналаа тайлбарлав. “Жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжихийг төсөлд тусгах, 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг төслөөс хасахыг дэмжих нь зүйтэй” гэсэн саналын томъёоллоор” санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэн.