Цэс

Холбоо барих

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2017.05.31) хуралдаан 09 цаг 54 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн  Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг  хэлэлцсэн.

 Салбарын сайдыг огцруулах саналыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх танилцууллаа.


 Тэрбээр танилцуулгадаа, Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт удаа дараа зохисгүй үйлдэл гарч, олон нийтийг бухимдуулж, сөрөг хандлага бий болгож байгаа нь нэгдсэн удирдлагаар хангах сайдын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж Монгол Улсын Ерөнхий сайд үзсэн болно. Тухайлбал, нийслэлийн 29,116 дугаар сургуулийн сурагчид жагсаал цуглаан хийж, 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын сэдэв задарсан асуудал үүсээд байгааг дурдлаа.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайд, улмаар Улсын Их Хурлын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

Гэтэл Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Ж. Батсуурь нь эрхлэх асуудлын хүрээнд салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомжийг биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, дээр дурдсан сургуулиудад үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй, одоо хүртэл асуудлыг шийдэж, үүссэн нөхцөл байдлыг арилгаагүйн зэрэгцээ, төгсөлтийн шалгалттай холбоотой оновчгүй шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтыг дахин явуулж, олон мянган сурагчид, эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж, бухимдлыг төрүүлсэн  гэдгийг У.Хүрэлсүх сайд танилцуулгадаа онцлов.  

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Ажлын хэсэг гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт үүссэн асуудлыг шалгаж үзэхэд яамны удирдлагууд хоорондоо таарч ажиллаагүй, яамны аппарат хоорондоо хуваагдаж зөрчилдсөнөөс болж, бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах ажил цалгардсан байдалтай байсан. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар тодорхой зөвлөмж, дүгнэлт гаргаж, Ерөнхий сайд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт дүгнэлтэд дурдсан алдаа дутагдлыг арилгах, яамны үйл ажиллагааг сайжруулах талаар үүрэг өгсөн боловч, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаагүй бөгөөд, яаманд үүссэн нөхцөл байдлыг арилгах, яамны хэвийн үйл ажиллааг нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг яамны өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын итгэлийг хүлээн ажиллаж чадахгүй гэдгээ харуулсан гэж Ерөнхий сайд үзсэн байна.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас асуулт асууж, хариулт авлаа. Хэлэлцсэн асуудлын талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл