Улсын Их Хурлын Аюулгүй
байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 14 цаг
47 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсан бөгөөд үг хэлэх гишүүн гарсангүй. Түүнчлэн гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм.
Иймээс Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Засгийн газар хоорондын хэлэлцээр, зээлийн гэрээний төслийг зөвшилцөв
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр ирүүлсэн уг хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.
Сайд танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Гэвч уг төслийг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан тул 11 сая еврогийн нэмэлт санхүүжилт хийх зайлшгүй шаардлагатай байгааг дурдав.
Иймээс уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтийн нийт 6.5 сая еврогоос 1,5 сая еврог нь улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5 сая еврог ХБНГУ-ын зээл хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцжээ. Энэхүү 5 сая еврогийн санхүүжилтийг “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн хоёр дахь гэрээний хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Зээл нь жилийн 2,0 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жилийн нөхцөлтэй байх аж.
Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тухай санал, дүгнэлтээ ирүүлсэн байна.
Сайдын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр нар Сангийн сайд болон хуралдаанд оролцсон Эрчим хүчний яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд, “Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагуудаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
“Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Н.Чимиддорж гишүүдийн асуултад “Тус станц нь Дархан, Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, улмаар манай улсын төвийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг нэг үндсэн эх үүсвэр нь болдог. Дархан хотыг бүхэлд нь хэрэглээний халуун ус, дулаацуулгаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээ үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангадаг. 2012 оноос ХБНГУ-ын хөнгөлттэй урт хугацааны зээлийн хөрөнгөөр суурилагдсан хүчин чадлаа өргөтгөх шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Гэвч төсөл хэрэгжүүлэх тендерт шалгарсан ОХУ-ын компанийн удирдлага удаа дараа солигдож, маргаантай асуудал үүссэн учраас тендер цуцлагдсан. Гэхдээ гэрээний дагуу бүх тоног төхөөрөмжөө ОХУ-аас татаж авсан” гэсэн хариулт өгөв. Мөн Эрчим хүчний яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Сугар анх энэ гэрээг 2013 онд байгуулсан, түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилтийн төсөл нь ТЭЗҮ дээр тулгуурлаж хийгдсэн гэрээ байсан. Үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжөө ОХУ-аас захиалж татаж авсан. Одоо зураг төсөл нь тодорхой болсон учраас санхүүжилтийн дүн өөрчлөгдөхгүй. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэнээр 2018 оны 6 дугаар сар гэхэд станцын өргөтгөлийн ажлыг бүрэн дуусгах боломжтой гэсэн хариулт өгөв.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.
Төслийн нэмэлт санхүүжилт, Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газар хоорондын төслийн санхүүжилт болон зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.
Эхлээд Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011-2017 оны хооронд хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгаас сонгож авсан 89 сум хамрагдаж, нийтдээ 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлсэн байна.
Төслийн эхний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр төслийг цаашид үргэлжлүүлж бусад аймаг, сумдыг хамруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Төслийн нэмэлт санхүүжилт нь нийт 9.06 сая ам.долларын хэмжээтэй, жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,7 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Энэхүү төсөл нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулах үндсэн зорилготойг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд төслийн зориулалт, зарцуулалт, үр өгөөжийг хэрхэн тоооцож төлөвлөж байгаа талаар асуулт асууж тодруулсан юм. Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн гишүүний асуултад өгсөн хариултдаа, одоо хэрэгжээд дуусч байгаа төслийн нэгж дээр үр дүнг нь үнэлж дүгнэн төслийн менежментийг өөрчлөх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. Энэ нь манай салбарын тухайд хамгийн үр дүнтэй, үлдэцтэй сайн төсөл байсан тул цаашид үргэлжлүүлж хэрэгжүүлэх санал тавьж тодорхой хэмжээний санхүүжилт авахаар тохиролцоод байгаа.
Өмнөх төслийг авах үед Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу өгөөж, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарч, тодорхой ахиц гаргасан. Нэмүү өртгийн сүлжээ бий болгох, бэлчээрийн менежментийг сайжруулах, эрсдэл даах чадварыг дээшлүүлэхэд анхаарахын зэрэгцээ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, яамны бодлогыг хэрэгжүүүлэхтэй төслийг нягт уялдуулна, түүнчлэн түүхий эд бэлтгэлийн уламжлалт тогтолцоог сэргээж бүрдүүлэхэд анхаарахаар төлөвлөж байгаа гэдгийг хэллээ.
Харин Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, салбарын бодлого нь төсөв санхүүтэйгээ уялдаж нийцдэггүй салангид байдлыг засах, зээлийн хөрөнгийг үр ашигтай, хэрэгжих боломжтой, үлдэцтэй, нэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах талаар Засгийн газар, Сангийн яам, салбарын яамд анхаарч ажиллах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аюулгүй хүнсээр иргэдээ хангах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэлд салбарын яам онцгой анхаарч бүтэц, тогтолцоогоо эргэж харах, энэ үүднээс салбараас хийж хэрэгжүүлэх бодлогын асуудлаа цогцоор нь харж Байнгын хороонд оруулах чиглэлийг салбарын сайдад өгөв.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр ирүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Энэхүү зээлийн хэлэлцээр нь 20 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 7 жил байх үндсэн нөхцөлтэй юм.
Өмнө нь Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцөлтэй байсныг өөрчлөх талаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгож нэмэгдүүлэхээр талууд тохиролцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, О.Содбилэг, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар Ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэхүү зээлийн дүнг дунд хугацааны төсвийн төсөөлөл болон төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан, мөн өрийн шалгуур үзүүлэлтэд багтаж байгаа. Зээлийн хөрөнгийг улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой зарим томоохон төслүүдийг санхүүжүүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Мөн өмнөх Засгийн газрын үед байгуулсан хэлэлцээрээр зээлийн нийт санхүүжилтийн 85 хувийг БНХАУ гаргахаар тохирсон байсныг манай талын хүсэлтээр өөрчилж 95 хувь болгосон нь манайхаас гаргах хөрөнгө зардлыг хэмнэж, орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой болсныг хэллээ.
Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, Б.Энх-Амгалан нар зээлийн хэрэгжилт удаашралтай, цаг их алдаж байгаад Засгийн газар анхаарах, түүнчлэн зээлийг үр ашигтай, өгөөжтэй, үлдэцтэй, аль болох нэмүү өртөг шингэсэн, ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөрт зарцуулах шаардлагатайг хэлж байв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.
Эцэст нь Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн Польш Улсын Засгийн газраас 50 (тавин) сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “нөхцөлт тусламж” /tied aid/ буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү экспортын зээл нь 50 сая еврогийн хэмжээтэй, жилийн 0,15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх аж.
Дээрх зээлийн нөхцөл нь 2014 онд тохиролцсон нөхцөлөөс сайжирсан бөгөөд зээлийн хугацаа 25 жил байсныг 28 жил, төслийн гэрээний үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлнэ гэснийг 100 хувь зээлээр санхүүжүүлэхээр тохиролцож хэлэлцээрийн төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад энэ зээлд удирдлагын зардал, зөвлөх үйлчилгээ зэрэг шаардлагууд тавигдаагүй. Харин бараа, үйлчилгээний 60 хувь нь Польшийн гаралтай байх нөхцөлтэй. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа. Энэ чиглэлээр судалгаа тооцоо хийгдэж байгаа, хэлэлцээр соёрхон батлагдсаны дараа Засгийн газар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нарийвчлан авч үзнэ гэсэн хариулт өгөв.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тус яамны тухайд энэхүү зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай бага, дунд оврын техник, тоноглол авах, тэдгээрийг засварлах үйлдвэр байгуулах, Орхон, Улаанбаатарт хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, жимс жимсгэний механикжсан зоорь, бөөний худалдааны төвүүд байгуулах, Ховд аймагт тариалж байгаа чихрийн манжингийн тариалалтыг түшиглэн элсэн чихэр үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх саналаа Сангийн яаманд өгөөд байгааг хэллээ.
Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.