Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

5 сая еврогийн нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 09 цаг 55 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг хэлэлцлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.


Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг 1” хөтөлбөрийн хүрээнд Дарханы ДЦС-ын турбиныг шинэчлэх ажлыг 2012 оноос эхлэн хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа аж.  Төслийн анхны хөрөнгө оруулалт 13.35 сая евро бөгөөд барилгын гүйцэтгэлийн 12 сая еврогийн өртөг бүхий гэрээг ОХУ-ын компанитай, 1.35 сая еврогийн зөвлөх үйлчилгээний гэрээг ХБНГУ-ын компанитай тус тус байгуулжээ. Төслийн анхны ТЭЗҮ-д нийт төсөвт өртгийг багаар тооцож гэрээ байгуулснаас төслийн гүйцэтгэлд хүндрэл учирсан байна. Нэмэлт санхүүжилтийн асуудлыг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээ, 2015 оны зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэн уг төсөлд шаардлагатай 11 сая еврогийн 4.5 сая еврог ХБНГУ-ын Засгийн газрын нэмэлт санхүүжилтээр шийдвэрлэж, холбогдох гэрээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2016 онд байгуулжээ. Энэхүү төслийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай 11 сая еврогийн нэмэлт санхүүжилтийн Монголын талын хөрөнгө оруулалт 6.5 сая евро байснаас 1.5 сая евро буюу 3.45 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт Эрчим хүчний сайдын багцад тусгасан байна. Монгол Улсын төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдал, Монголын талын хүсэлтийг харгалзан үлдэх 5 сая еврогийн санхүүжилтийг ХБНГУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны Засгийн газар хоорондын хэлэлцээний үеэр тохиролцсон байна. Энэхүү нэмэлт зээлийн санхүүжилтийн зээлийн хүү жилийн 2.0 хувь, хугацаа 30 жил,  үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 36.7 хувь байх аж.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

Хуралдаанаар үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны үйл ажиллагааныхаа 2017 нэгдүгээр улиралд багтаан гаргаж, УИХ-ын харъяалах Байнгын хороонд хүргүүлж, мөн олон нийтэд нээлттэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д тайлангаа танилцуулан, хэлэлцүүлсэн болохыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн танилцуулгынхаа эхэнд дуулгав. Монгол Улсын макро эдийн засаг 2016 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш өссөн, эдийн засгийн өсөлт саарсан, ашигт малтмал, түүхий эдийн үнэ буурсан хүндхэн жилийг даван тууллаа. Банкнаас бусад санхүүгийн зах зээл 2016 онд 2.6 их наяд төгрөгт хүрч, дунджаар 20 хувиар өссөн ба уг өсөлтөд төрийн дэмжлэг, бодлого зохицуулалтын орчинд гарсан өөрчлөлт голчлон нөлөөлсөн. ДНБ-д эзлэх банкнаас бусад санхүүгийн зах зээлийн хэмжээ 10.9 хувь ба 2015 оны түвшнээс 1.7 хувиар нэмэгджээ. Зарим салбарын хувьд тоон үзүүлэлтүүд өссөн ч чанарын өөрчлөлт гарахгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь нийгэм эдийн засгийн өөрчлөлт, техник технологийн хурдцаас хамааран салбаруудын хууль, эрх зүйн орчныг тэдгээрт нийцүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн үндсэн үзүүлэлтүүд болох зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар, хувьцааны арилжааны хэмжээ 2016 онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байгаа нь манай улсын хөрөнгийн зах зээл дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх сэргэн, зах зээлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх боломж байгааг харууллаа. Салбарын бодит эдийн засагт үзүүлэх нөлөөллийг авч үзвэл, 2016 оны байдлаар даатгалын салбарын нийт актив ДНБ-ний 0.87 хувийг эзэлж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 27.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар нэг хүнд ногдох даатгалын хураамжийн хэмжээ 36,700.0 төгрөг байгаа нь өмнөх оноос 1.4 хувиар буурсан байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар даатгалын салбарт Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй 17 даатгалын компани, 40 даатгалын зуучлагч компани, 31 даатгалын хохирол үнэлэгч компани болон даатгалын компанийн 242 салбар, 10 төлөөлөгчийн газар, даатгалын зуучлагч компанийн 208 салбар, даатгалын хохирол үнэлэгч компанийн 50 салбар, 2 төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 2016 оны жилийн эцсийн байдлаар 208.4 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр буюу 20.3 хувиар өссөн байна. Даатгалын салбарын үндсэн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа хэдий ч салбарын хөгжлийн гол хэмжүүрүүд болох даатгалын нэвтрэлт, нягтрал нь олон улсын дундаж түвшинтэй харьцуулбал доогуур, сүүлийн жилүүдэд өсөлт ажиглагдахгүй байна. Энэ нь иргэдийн санхүүгийн суурь боловсролыг нэмэгдүүлэх, даатгалын хүртээмжийг сайжруулах, даатгалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох орон зай байгааг илэрхийлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, тэдгээрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэртэй холбогдуулан ББСБ-уудын нийт актив 2016 оны эцэст 787.2 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2017 оны эцэст 26 хувиар өсөж 992.5 тэрбум төгрөгт хүрэх төсөөлөлтэй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, салбарт эерэг үр дүн үзүүлнэ гэж үзэж байгаа аж.

2016 онд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх 34 тусгай зөвшөөрөл шинээр олгож, 7 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт 280 ХЗХ үйл ажиллагаа явуулж байна. Нийт хадгаламж, зээлийн хоршоодын 65.7 хувь буюу 184 нь Улаанбаатар хотод, 34.3 хувь буюу 96 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байна. Тайлант жилд ХЗХ-ны тоо өмнөх оноос 10.7 хувиар, гишүүдийн тоо 18.0 хувиар, нийт активын хэмжээ 15.8 хувиар тус тус өссөн бөгөөд активын 74.9 хувийг зээлийн багц эзэлж байна. Нийт актив болон зээлийн банкны салбарт эзлэх хувь өсөж байгаа нь “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-т 123 ХЗХ хамрагдсантай холбоотой бөгөөд банк, ББСБ, төсөл хөтөлбөрөөс авсан зээлийн хэмжээ 15.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2016 онд ХЗХ-дын тоо өмнөх оноос 10.7 хувиар, гишүүдийн тоо 18.0 хувиар, нийт активын хэмжээ 15.8 хувиар тус тус өссөн байна. Нийт активын болон зээлийн хэмжээ өсөж банкны салбарт эзлэх хувь нь тус бүр 0.1 хувиар өссөн нь “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-т 123 ХЗХ хамрагдсантай холбоотой бөгөөд төсөл хөтөлбөрөөс авсан зээлийн хэмжээ 15.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн ХЗХ-ны салбарын нийт активын хэмжээ 2016 оны II улирлаас эхлэн 100 тэрбум төгрөгийг даваад байгаа нь салбарын хувьд анхны тохиолдол юм.

Банкнаас бусад санхүүгийн салбарын нэгдсэн зохицуулалт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Хороо нь өнөөгийн байдлаар Монгол Улсын 18 хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж байна. Хороо нь холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд зохицуулалтад хамаарагдах нийт 302 хувьцаат компани, 62 үнэт цаасны компани (ҮЦК), 17 даатгалын компани, 40 даатгалын зуучлагч компани, 31 даатгалын хохирол үнэлэгч компани, 3091 даатгалын төлөөлөгч, даатгалын байгууллагад аудит хийх эрх бүхий 42 аудитын компани, 518 ББСБ болон 280 ХЗХ зэрэг нийт 1324 зохицуулалттай хуулийн этгээдийг санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтэд зайнаас болон газар дээрх хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдалд хууль тогтоомжид заасан арга хэмжээ авч, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор зохицуулалтын салбар чиглэл тус бүрээр тодорхой ажлуудыг хийж байна. Санхүүгийн зохицуулах хорооны хариуцах чухал асуудлын нэг болох санхүүгийн хүртээмжийн тухайд тэрбээр мэдээллээ үргэлжлүүлсэн. Дэлхийн банкнаас гаргасан “Глобаль Финдекс”-ээр Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 92 хувь нь банкинд данстай байгаа. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудын үзүүлэлттэй ойролцоо байгаа хэдий ч иргэд шаардлагатай үедээ хэрэгцээтэй үйлчилгээгээ хямд өртгөөр, шуурхай авч чадаж байгаа эсэхэд үндэслэн бодит байдал дээр санхүүгийн хүртээмж хангалтгүй байгаа хэмээн дүгнэсэн аж. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн 2016 оны наймдугаар сард ажиллаж эхлээд төрийн албан цомхон, чадварлаг, ачаалал даах чадвартай, мэргэжлийн байх зорилгын хүрээнд байгууллагадаа шинэчлэл хийсэн гэв.


Шинэчлэл хийхээс урьд тус хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь бүртгэл, зөвшөөрөл олгох, түүнээс улбаалан хяналт тавих зорилтыг хэрэгжүүлдэг байсныг өөрчилж, судалгаанд суурилсан бодлого, зохицуулалт болон мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, бүртгэл зөвшөөрлийн чиглэлээсээ бодлогоор зохицуулдаг байгууллага болохоор дунд болон урт хугацааны стратегийн зорилтдоо тусган хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Хорооны нэгжүүдийн чиг үүргийн давхардлыг арилгах, зардал хэмнэх, ачааллыг нягтруулах зорилгоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар, Судалгаа эрсдлийн шинжилгээний хэлтсийг байгуулжээ. Удирдлагын бүтцийг гурав дахин бууруулж, дотоод зохион байгуулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны төсвийн санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. 2013 оноос хойш Санхүүгийн зохицуулах хорооны төсөв тогтмол буурсаар 2017 онд 2.4 тэрбум төгрөгт хүрсэн аж. Мөн 2017 онд Санхүүгийн зохицуулах хороонд ямар нэг олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжихгүй юм байна. Гэтэл санхүүгийн салбарын ачаалал  жил бүр нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, 2013 онд тусгай зөвшөөрөл бүхий 813 аж ахуйн нэгжид зохицуулалт хийж байсан бол өдгөө 2067 аж ахуйн нэгжид зохицуулалт хийн ажиллаж байгаа юм байна. 2016 оны эцсийн байдлаарх энэхүү тоон дүнг салбараар нь ангилж үзвэл үнэт цаасны 524, даатгалын 131, банк бус санхүүгийн байгууллага 518, хадгаламж зээлийн хоршоо 280, салбар төлөөлөгчийн газар 614 багтаж байгаа гэлээ.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, зохицуулалтын болон хяналт шалгалтын үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэх, мэдээлэл солилцох зорилгоор 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар тайлагнасан. Төсгөлд нь Санхүүгийн зохицуулах хороо нь цаашид хууль, эрх зүйн зохицуулалт, хяналтын орчныг сайжруулах, зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдыг чадавхжуулах, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, олон улсын байгууллагуудтай ажиллахаар төлөвлөн үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар мэдээлэв.

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд тайланг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлсний үр дүнд тодорхой болсон зарим асуудлуудыг нягтан судалж, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналаар Байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Л.Болд Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан. Монгол Улсын санхүүгийн зах зээл ДНБ-ий ердөө 4 хувийг эзэлж байгаагийн 3.2 хувийг нь банкны салбар эзэлдэг. Өөрөөр хэлбэл бизнесийн сонирхолыг татахааргүй зах зээл учир үүнийг тэлж, хамгийн багадаа ДНБ-ийнхээ 8-10 хувьд хүрсэн, бизнесийн сонирхолыг татахуйц ашигтай зах зээл болгон хөгжүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яамны бодлого чиглэж байх ёстой гэдэг саналыг гишүүд илэрхийлж байв. Үүний тулд хууль эрх зүйн орчныг эрс өөрчлөх, хөрөнгийн зах зээлийн бүтцийг зах зээлийн зарчмаар саадгүй ажиллах боломжийг бүрдүүлэх, энэ салбар дахь төрийн захиргааны байгууллагуудын давхардалыг арилгах шаардлагатай гэлээ. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг шинэчилж 2.5 тэрбум төгрөг болгосон нь томоохон байгууллагуудын эрх ашгийг хамгаалж, шинээр банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах боломжийг хумьсан шийдвэр байсныг шүүмжилж байв. Үүний зэрэгцээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй ломбардын үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага бус Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих шаардлагатай, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг боловсруулах шаардлага бий гэдэг саналыг хэлсэн.


Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь банкны салбарт түгжигдээд байгаа капитал, гадаадаас орж ирж буй капиталын нэмэлт урсгалуудыг хэрхэн хөрөнгийн зах зээл рүү оруулах, банкны зах зээл болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэрийг хангах чиглэлээр бодлогын ямар арга хэмжээ авч ажиллах боломжтойг тодорхойлон, үүний тулд эрх зүйн ямар өөрчлөлт хийх талаар тодорхой санаачилга гарган, үйл ажиллагааны цар хүрээгээ том зургаар харж ажиллах шаардлага бий хэмээн хэлж байв. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Байнгын хороо тайланг хэлэлцсэний үндсэн дээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил дутагдлыг засах, ажлаа эрчимжүүлэх чиглэлээр тайлагнасан байгууллагад чиглэл өгсөн тогтоол гаргаж болно” гэж заасны дагуу боловсруулан тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 85.7 хувийн саналаар дэмжлээ.

Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Мөн өдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайлант онд Үндэсний статистикийн хороо нь Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдэж, 2016 оны долдугаар сар хүртэл Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж хамтран ажилласан талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа танилцуулгынхаа эхэнд хэллээ.


Статистикийн салбарын хэмжээнд 2016 онд төрийн мэдээллийн нэгдсэн сангуудын уялдааг хангах замаар мэдээллийн зөрүүг багасгаж, хэрэглээг өргөжүүлэх, Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах зорилтуудыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд 2017-2020 онд статистикийг хөгжүүлэх үндэсний гурав дахь удаагийн хөтөлбөрийг холбогдох баримт бичигт нийцүүлэн боловсруулж батлуулсан байна. Бүртгэлд суурилан явуулсан хүн ам, орон сууцны 2015 завсарын тооллогын үр дүнг нэгтгэн хэрэглэгчдэд түгээжээ. Аж ахуйн нэгж байгууллагын ээлжит тооллогыг уламжлалт болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан аж. Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн дагуу 2016 мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшний тооцоог таван бүсээр тооцон гаргажээ. НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын шалгуур үзүүлэлтүүд, түүнийг тооцох арга зүй, мэдээллийн эх үүсвэрт үнэлгээ хийж, тус зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг эхлүүлсэн байна. Ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох үзүүлэлтүүдийн системийг бүрдүүлж, байгаль орчны анхдагч суурь данс болон материал урсгалын дансыг анх удаа байгуулжээ. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа үргэлжлүүлэн статистикийн байгууллагын мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээсэн үйл ажиллагааны талаар, тулгарч буй хүндрэл, мөн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, нэгжийн талаар болон төсөв санхүүгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тайланг танилцууллаа.

Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хийлээ. Ажлын хэсэг нэг удаа хуралдан Үндэсний статистикийн хороонд өнгөрсөн оны тайлантай холбогдуулан тодорхой чиглэл өгсөн бөгөөд Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах шаардлагагүй, хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлан болон Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Статистикийн дүн мэдээг бүх нийтээрээ ашиглах хэвшлийг бий болгох, мэдээллийг хүртээмжтэй, үр ашигтай болгох тал дээр Үндэсний статистикийн хороо ажиллах шаардлагатай гэдэг саналыг гишүүд хэлж байв. Түүнчлэн хөгжлийн суурь болох статистикийн дүн мэдээг анхан шатнаас нь үнэн бодитоор гаргахын тулд тус байгууллагын бүтэц, тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дэмжих шаардлагатай гэдэг байр суурийг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва илэрхийллээ. Ингээд Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан ДНБ, ажилгүйдэл, инфляци, ядуурлын түвшин зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг илэрхийлдэг статистикийн мэдээллийн чанар, үнэн бодитой байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, статистикийн мэдээллийн үнэн бодитой байдалд тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар судалж, санал боловсруулан Байнгын хороонд танилцуулах, статистикийн мэдээлэл ашиглах хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, төрийн албаны залгамж чанарыг алдагдуулахгүй байхад анхаарах хэмээн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ.

Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Үүний дараа Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулга хийлээ. Ажлын хэсэг шийдвэрийн төслийн талаар нухацтай хэлэлцсэн бөгөөд салбарын яамд, мэргэжилтнүүд, судлаачдын саналыг харгалзан үзсэн байна. Манай улс холбогдох эрх зүйн баримт бичгийг баталж, хөгжлийн эрх зүйн орчноо тодорхойлсон бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэлийн механизмийг оновчтой тогтоох, төрийн институциудыг чадавхжуулах, хариуцлага, санаачилгатай ажиллуулах, уялдаа холбоогүй, салан задгай, тооцоо судалгаагүй, урсгал байдлыг халах шаардлагатай хэмээн Ажлын хэсэг дүгнэсэн байна. Иймд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны есөн заалт бүхий тогтоолын төсөл боловсруулжээ. Улс орны хөгжлийг урт, дунд хугацаанд төлөвлөх замаар үндэсний нэгдмэл стратегийг хангах, салбар хоорондын тэнцвэрт байдлыг хадгалж, зохицуулах үүрэгтэй гүйцэтгэх засаглалын бүтцийг бий болгон бэхжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, хөгжлийн тэрүүлэх салбаруудын эрэмбэлэх тооцоо, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь механизмийг боловсронгуй болгож чадавхжуулах, ниймгийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, дундаж давхаргыг бэхжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, төлөвлөлт удирдлагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх чиглэлд ач холбогдол өгч Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан талаар Б.Баттөмөр гишүүн танилцууллаа.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Жавхлан нар асуулт асууж, Үндэсний хөгжлийн газрын удирдлагуудаас хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улс эдийн засгийн коридор төсөлд онцгой ач холбогдол өгч, Үндэсний хөгжлийн газар бодлогоор энэ төслийг хариуцан, түлхүү анхаарч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Ийнхүү Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин батлав.

“Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны тавдугаар сарын 30-ны Мягмар гарагийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дууссан тул хуралдаанаар дээрх УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан мэдэгдэл гаргах ёстой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзсэн. Дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд албан ёсоор хүргүүлнэ. Ажлын хэсэг шалгалт хийхдээ Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 3 дугаар зүйл “...Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ..” гэснийг, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 27.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй” гэсэн заалтыг тус тус зөрчиж, Төв банкны хуулиар хамгаалагдсан хараат бус байдалд халдаж мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн бодлогын арга хэрэгслийг нь үгүйсгэн, жил бүрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталж байсан УИХ-ын шийдвэрийн мөн чанарыг ойлголгүй, тэдгээрийг хэрэгжүүлсэн Монголбанкны дотоод үйл ажиллагааг арилжааны банктай адилтган үзсэн мэргэжлийн бус дүгнэлт гаргасан” хэмээн мэдэгдэж холбогдох тайлбаруудыг хийлээ. Үүний дараа Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт, тус дүгнэлтэд дурдагдсан зарим мэдээллийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Нарантуяа, Д.Дамба-Очир нар лавлан асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.


Дараа нь “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд УИХ-ын дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл