Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Б.Жавхлан ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертэй санал солилцлоо

УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнөөдөр (2017.06.07) ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертэй уулзаж, банкны салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар санал солилцов. Санал солилцох уулзалтад ОУВС-гийн Хуулийн хэлтсийн ахлах зөвлөх Жефферсон Алварез, зөвлөх Ханс Вининк нар байлцлаа.

Уулзалтын эхэнд ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас өмнө нь банкны салбарт ажиллаж байсан туршлагатай хүний хувьд банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл, өөрчлөлтийн талаар саналаа хэлж, харилцан санал солилцохыг хүслээ.


Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан, банкны салбартаа хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсны дагуу  Төв банк (Монголбанк)-ны тухай хууль болон банкны тухай бусад хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар талууд санал солилцсон. Ялангуяа Төв банкны засаглалын асуудал, шийдвэр гаргах бүтцийн хувьд ямар байх талаар хөндөн ярилцаж, цаашид Төв банк зөвлөлийн хэлбэрээр эцсийн шийдвэр гаргадаг байх тал дээр хуулийн өөрчлөлт хийхэд санал нийлсэн юм.

Мөн Төв банк, арилжааны банкны хоорондын харилцааны асуудал, Төв банкнаас арилжааны банкинд тавих хяналт, захиргааны болон бодлогын арга хэмжээ ямар байх талаар санал солилцсоноор одоогийн нөхцөл байдлыг үнэлэн илүү хүчтэй хяналт тавихаар эрх зүйн өөрчлөлт хийх саналыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэллээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл