Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 14 цаг 46 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 2002 оны Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 19.1 дүгээр зүйл “Эх орноосоо урвах”, 19.4 дэх хэсэг “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн хоёр гэмт хэрэгт хуваан тодорхойлсон гэдгийг дурдлаа.
Тус хуулийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьжээ. Иймд эдгээр гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэмт хэрэг болгон өөрчлөх шаардлагатай байна гэж хууль санаачлагч үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын
Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Энх-Амгалан нар санал хэлж, байр сууриа
илэрхийлэв. Ингээд Эрүүгийн
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд
оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын
гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилохыг дэмжив
Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хулийн 17 дугаар зүйлийн 17.3.7, 25 дугаар зүйлийн 25.2.9, 25.3 дахь хэсэгт зааснаар Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг хийж, Намжил овогтой Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг дэвшүүлснээ Улсын Их Хуралд санал болгожээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нэр дэвшигчийн талаар танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар улс төрөөс ангид, хуулийн салбарт олон жил ажилласан, туршлагатай, сайн хуульчдын нэгийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэнд Улсын дээд шүүхийнхэнд талархаж байна” гэж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг “Туршлагатай, мэдлэгтэй ийм л хуульч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж чадна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол улс төрөөс ангид байж, хуулийг чин шударгаар хэрэгжүүлж ажиллахыг хүсч байна” гэж байлаа.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилох Улсын дээд шүүхийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.