Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.03) хуралдаан 15 цаг 06 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Эхлээд 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Тус байнгын хорооны өмнөх хуралдааны (2017.12.27) үеэр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн, гишүүд Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусгавар болж буй учир хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байгааг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа.
Ийнхүү Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1, 4, 5, 8, 11 дэх заалтыг, мөн зүйлийн 9 дэх заалтад “6.Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно” гэснийг тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Түүнчлэн төслийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, зарим зүйл, хэсэг заалтыг хассантай холбогдуулан бусад зүйл, хэсэг, заалтын дугаарыг өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж, шийдвэрлэсэн. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Т.Аюурсайхан нарын Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар мөн санал хураалт явуулж шийдвэрлэв.
Мөн хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн санал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар тус тус санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэн юм. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар ийнхүү санал хураалт явуулан шийдвэрлээд Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Байнгын хорооны өмнөх хуралдааны (2017.12.27) үеэр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулсан. Гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд Ажлын хэсгийн саналд үндэслэн Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “түүний хараат болон охин компани энэ хуулийн 6 дугаар зүйлд” гэснийг “энэ хуулийн 6.1, 6.2.1-6.2.6-д” гэж өөрчлөх, мөн зүйлийн 43 дугаар зүйлд “43.7.Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн удирдлага, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтооно” гэсэн агуулга бүхий 43.7 дахь хэсэг нэмэх, мөн зүйлийн 48.1 дэх хэсгийн “зөрчиж болзошгүй” гэснийг “банкны санхүү, үйл ажиллагаа, удирдлагын чадварын үзүүлэлт холбогдох журамд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь тогтоогдсон” гэж өөрчлөхийг гишүүд дэмжсэн юм.
Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлд “52.8 Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй”, “52.9 Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар, нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдсөнөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ” гэсэн агуулгатай 52.8, 52.9 дэх хэсгийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Ийнхүү Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдгээр хуулийн төслийг 2016 оны хоёрдугаар хагаст боловсруулж эхэлсэн бөгөөд Улсын Их Хурал хэлэлцүүлэгт тун нухацтай хандаж, төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгүүд тун нямбай ажиллаж байгааг тэмдэглэж, талархал илэрхийлэв. Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир банкны салбарын эрх зүйн орчны суурь гэдэг ач холбогдлыг нь Байнгын хороо анхаарч, ажиллаж байгаагаа хэлсэн. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.