Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.04) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ.
Эрүүл мэндийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хуулийн төсөлд Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зохицуулалт бүхий шинэ зүйлийг дараахь байдлаар хуульд нэмж оруулахаар тусгасан байна. Үүнд:
-40, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа;
-40, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
-30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;
-50, түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг,
шинжилгээнд жилд 1 удаа, бүдүүн, шулуун
гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа.
Хавдрын байдлаас хамаарч хорт хавдарт өртөж буй нас харилцан адилгүй байна. Тухайлбал, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн 96% буюу дийлэнх нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд өвдөж байгаа бол элэгний хорт хавдраар 40-өөс дээш насны элэгний вирусийн халдвартай хүмүүс, ходоодны хорт хавдраар 40-өөс дээш насныхан хамгийн их өвдөж байна. Иймд умайн хүзүүний хорт хавдрын тухайд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг, элэгний хорт хавдрын тухайд элэгний вирусийн халдвар тээгч болон 45-аас дээш насны хүмүүсийг, ходоодны хорт хавдрын тухайд 40-өөс дээш насны бүх хүнийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулахаар зорилтот бүлгийн хүн амаар сонгосохоор тусгажээ.
Түүнчлэн хуулийн төсөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг хуульд заасны дагуу хамруулах үүргийг эрүүл мэндийн байгууллагад, үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар тусгасан аж. Харин иргэн үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлолт хугацаанд хамрагдах үүрэгтэй байхаар, товлосон хугацаанд үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаагүй иргэн дараагийн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээний болон нарийн оношилгооны зардлыг өөрөө хариуцдаг байхаар хуульчлахаар хуулийн төсөлд тусгажээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн “Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэсэн 9 дүгээр зүйлд “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог нэмэж оруулах”-аар, харин хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдаагүй даатгуулагчийн дараагийн эрт үзлэг, шинжилгээний болон нарийн оношилгооны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй байхаар тус тус тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.