Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛС ЗЭВСЭГТ ХҮЧИНД АРДЧИЛСАН ХЯНАЛТ ТАВИХ ЖЕНЕВИЙН ТӨВИЙН АЛБАН ЁСНЫ ГИШҮҮН ОРОН БОЛЛОО

Монгол Улс 5 сарын 13-нд Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв (Geneva Centre for the Democratic Control of Armed Forces-DCAF) байгууллагын 62 дахь албан ёсны гишүүн орон боллоо. Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв нь Швейцарын Холбооны Улсын санаачилгаар 2000 онд үүсч байгуулагдаад эгнээндээ АНУ, ОХУ, Британи, Франц зэрэг 61 гишүүн, гурван ажиглагч орныг нэгтгээд байна.

2013 онд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо (АБГББХ)-ны болон зэвсэгт хүчин, цагдаа, тагнуулын байгууллагын төлөөлөл Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвд (ЗХАХТЖТ) зочилж, хууль сахиулах байгууллагын шинэчлэл, ардчилсан нийгэм дэх хууль сахиулах байгууллага, тагнуулын байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн чиг үүргийн үндсэн ялгаа, давхцал, хамтын ажиллагааны асуудлаарх семинарт оролцох, энэ чиглэлээр ажилладаг Швейцарийн болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан.

ЗХАХТТ-тэй төвтэй хамтран АБГББХ-ноос “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл: Монгол дахь нөхцөл байдал, олон улсын туршлага” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Төрийн ордонд зохион байгуулж, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын урилгаар тус төвийн дэд захирал Др.Филип Флюри, Женевийн төвийн Шинээр тусгаар тогтносон орнуудын хөтөлбөрийн дэд ахлагч Иден Коул нар хүрэлцэн ирсэн.

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилгаар ЗХАХТЖТ-ийн Дэд захирал Др. Филип Флюри ахалсан олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг АБГББХ-той хамтран “Аюулгүй байдлын салбарын хяналт ба аюулгүй байдлын салбарын засаглал: Парламентын Байнгын хороодын үүрэг, хариуцлага”, “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл ба сайн засаглал” сэдэвт сургалтыг УИХ-ын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий яам, агентлагууд, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөллийг оролцуулан тус тус зохион байгуулсан.

Энэ онд УИХ-ын даргатай зөвшилцсөний үндсэн дээр АБГББХ-ны дарга Ц.Оюунбаатар Засгийн газарт манай улсыг тус төвд гишүүнээр элсэх тухай холбогдох шийдвэр гаргах чиглэл өгсөн юм.

Монгол Улс тус байгууллагын гишүүн болсноор зэвсэгт хүчин, тагнуул, хууль сахиулах байгууллагыг ардчилсан зарчим, хэм хэмжээн дээр тулгуурлан хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгүй болгоход зөвлөгөө, техникийн туслалцаа авах, энэ чиглэлээр олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл