Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2017.04.19) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан даргалан хуралдуулав.
Хуралдаанд Байгын хорооны Ажлын хэсэг, Ажлын дэд хэсгийн гишүүд болон Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан Үндсэн хууль судлаач Д.Ламжав оролцов.
Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын түүврийн судалгааны явц, зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хорооны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, санал солилцов.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Н.Цэрэнбат, Б.Батзориг, Д.Сумъяабазар нар Ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Гишүүдийн асуултад Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав нар хариулт өгсөн юм.
Ажлын хэсгийн хуралдаанаас анхдугаар зөвлөлдөх санал асуулгын бэлтгэлийг шуурхай хангах, санал асуулгад оролцогчдын унаа, орон байр, аюулгүй байдалд анхаарах, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах төсөв зардлыг нарийвчлан гаргах, шаардлагатай тохиолдолд нэмэлт санхүүжилтийг хэрхэн зохицуулах талаар дэд ажлын хэсэг болон холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.