Нийгмийн бодлого,
боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн
/2017.04.19/ хуралдаанаар
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг
хэлэлцлээ.
Тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаяр танилцуулсан юм.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шинэ бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш таван удаа хуралдаж, 42 асуудлыг шийдвэрлэн, 33 тогтоол, шийдвэрийг гаргажээ.
Зөвлөлийн анхны ажил нь өмнөх онуудад гаргасан шийдвэр, тогтоолуудад хийсэн дотоод аудитын шалгалт байсан аж. Шалгалтын үеэр маш их зөрчил илэрсэн талаар сайд Н.Номтойбаяр танилцуулгадаа дурдсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гаргаж байсан тогтоол, шийдвэр дүрэм журмуудын ихэнх шаардлага хангаагүй болохыг тэрбээр мэдээллийнхээ үеэр онцолсон.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны гүйцэтгэлээр 1.809.9 тэрбум төгрөг, зарлага 1.720.3 тэрбум төгрөг байжээ.
Нийгмийн даатгалд 43.1 мянган байгууллага, 2.966.3 мянган даатгуулагч хамрагдсан байна. Монгол Улсын нийт хүн амын 95.1 хувь нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 72.2 мянган аж ахуйн нэгж байгууллагын 60 орчим хувь нь нийгмийн даатгалд бүртгэгдсэн байна.
Тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ авагчдын тоо /давхардсан тоогоор/ 6.295 мянга байгаа бөгөөд 1.697.7 тэрбум төгрөгийг дээрх үйлчилгээнд зарцуулсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/13 тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/03 тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн тогтоож, одоогоор тус салбарын хэмжээнд 1.543 албан хаагч ажиллаж байгаа аж. Нийт албан хаагчдын гурван хувь нь удирдах албан тушаалтан, 83 хувь нь гүйцэтгэх албан тушаалтан, 14 хувь нь гэрээт болон үйлчилгээний албан хаагчид байгаа юм байна.
Сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын салбарт хоёр үе шаттай хяналт шалгалтыг хийхээр төлөвлөсөн гээд нэгдүгээр шатны шалгалтыг хийж дуусгасаныг дуулгасан. Нэгдүгээр шатны шалгалтын үеэр 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Үүний 840 сая төгрөгийн зөрчил нь хууль зөрчин тодорхой хүмүүсийн тэтгэврийг үндэслэлгүйгээр нэмсэнтэй холбоотой бол 200 гаруй сая төгрөгийн зөрчил нь иргэдийн тэтгэврийг байх ёстойгоос багаар тогтоосонтой холбоотой юм байна. Нийт нийгмийн даатгалын 136 байцаагчтай холбоотой зөрчил илэрсэн аж.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаярын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, А.Ундраа, С.Чинзориг, М.Билэгт, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд, элэгний вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд хэчнээн хүн хамрагдсан, ямар хөнгөлөлт үзүүлж байгаа талаар, хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсан иргэний нэр дээр тэтгэвэр авч байсан асуудлын талаар тодруулсан. Мөн гадаадад эмчлүүлэхээр явж буй иргэд эх орондоо эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах боломжийг олгохын тулд ямар арга хэмжээ авч байгаа, цалингийн зээлийн хүүг бууруулах боломж бий эсэх талаар лавласан юм.
Сайд Н.Номтойбаярын хариулснаар, элэгний С вирусын эсрэг таван төрлийн эмийг нэг хайрцаг тутамд 210 мянган төгрөгөөр хөнгөлж, даатгалын сангаас дээрх үнийн хөнгөлөлтийг төлжээ. 2016 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс хойш элэгний С вирусын эсрэг эмийг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн 2.5 мянган даатгуулагчид 1.5 тэрбум төгрөгийг даатгалын сангаас нөхөн олгоод байгаа юм байна.
Итгэмжлэлээр тэтгэвэр авдаг 15.000 иргэн байгааг нэг бүрчлэн шалгахад 30 хувь нь буюу 5000 иргэний асуудал зөрчилтэй гарсан учир зогсоожээ. Энэ нь нас барсан иргэдийн нэрийг барьсан, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн асуудалтай холбогдож байгаа аж. Тиймээс яаманд ажлын хэсэг гарган ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд, АТГ-тай хамтран хоёр дахь шатны хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа хэмээн сайд хэлсэн.
Түүнчлэн тэрбээр иргэд монголдоо эмчлэх боломжгүй гэсэн шалтгааны улмаас БНХАУ, БНСУ, Тайланд, Японыг их зорьдог гээд жилдээ 400 тэрбум төгрөгийг гадны эмнэлэгт төлдөг гэлээ. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл хөрөнгөнөөс япон стандартын жишиг эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг дуулгасан. 300 ортой орчин үеийн техникээр тоноглогдсон эмнэлэгт жилдээ 35.000 хүн хэвтэн эмчлүүлж, 500 гаруй мянган хүн амбулаториор үйлчлүүлнэ гэсэн төсөөлөл байгаа аж. Ингэхдээ японы зөвлөх эмч нарыг ажиллуулан зөвлөгөө авч, өөрийн эмч мэргэжилтнүүдээ японд дадлагажуулан солилцохоор тооцон судалгааны ажлаа эхлүүлсэн гэж хэлсэн.
Мөн сайд, арилжааны банкуудтай гэрээ байгуулан тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгон бууруулсантай адил аргаар цалингийн зээлийн хүүг бууруулж, эхний ээлжинд эмч, багш нарыг хамруулах ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа ч мөн дуулгасан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.