Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.04.19/ 14 цаг 21 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын 11-т заасан /Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дахь заалтад заасны дагуу, арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга, хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх/ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох байсан боловч тус яамнаас үүрэг бүхий ажлын хэсэг арьс ширний үйлдвэрүүдэд ажиллаж байгаа тул хойшлуулах хүсэлт ирүүлснийг Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар ирэх долоо хоног хүртэл хойшлуулахаар тогтов.
Ийнхүү Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох болон уг тогтоолын дагуу Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг эхний хоёр асуудал ирэх долоо хоногийн ажлын хуваарьт төлөвлөгдөв.
Ингээд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Өргөдлийн байнгын хорооны 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тайлбар авахын зэрэгцээ 2017 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барих асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх асуудал ирэх тавдугаар сард төлөвлөгдсөн байсныг энэ сардаа багтаан хэлэлцэх санал гаргав. Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, уг саналыг хүлээн авах боломжтой гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Өргөдлийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд олон чухал асуудлыг энэ хугацаанд төлөвлөсөн болохыг тодотгож, хийх ажлын төлөвлөгөөнд нэг асуудал нэмж оруулах санал хэлэв. Тэрээр, СХД-ийн 30-р хорооны “Хилчин” хотхоны асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Тус хотхонд 178 өрх буюу 800 гаруй иргэд амьдардаг гэтэл цэвэр, бохир усны шугамын гүйцэтгэл дуусаагүй тул уг асуудлыг эрчимжүүлэх хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах санал хэлэв.
Байнгын хорооны дарга хэлэхдээ, 900-аас дээш иргэний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн тохиолдолд Өргөдлийн байнгын хороо тухайн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээдэг тул УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын гаргасан саналаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой гэлээ.
Түүнчлэн уул уурхай, ашигт малтмал, барилгын салбарын үйл ажиллагаа ид идэвхждэг улирал ирж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн хууль бус ажиллагаанд хяналт тавихад анхаарлаа хандуулах саналыг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Д.Тогтохсүрэн нар гаргаж байлаа.
Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай төсөл нйит оролцсон гишүүдийн 73.3 хувийн саналаар батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.