Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулсан. Сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллажээ.
Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх журмыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран мөрдүүлж зохион байгуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр санал хураалт болжээ.
Сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2.003.969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1.475.895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн нь 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй байжээ.
Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд МАН-аас 62, АН-аас 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон байна. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байсан нь Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон дээд амжилтыг давтсан байна. Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрх баталгаажсаны дараа МАН-аас нэр дэвшин сонгогдсон Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар ажиллах болсон, У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул нөхөн сонгууль 2021 оны аравдугаар сард болж, МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос, Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдов.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Гомбожавын ЗАНДАНШАТАР
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 02 тоот тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгосон.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА НАР
БАЙНГЫН ХОРООД
Энэ удаагийн Улсын Их Хурал 11 Байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулахаар шийдвэрлэсэн юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр, Б.Энх-Амгалан нар сонгогдон ажилласан.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Батжаргал нар сонгогдон ажилласан.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар сонгогдон ажилласан.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар сонгогдон ажилласан.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Н.Учрал, Э.Батшугар нар сонгогдон ажилласан.
Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар М.Оюунчимэг, П.Анужин нар сонгогдон ажилласан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Н.Энхболд нар сонгогдон ажилласан.
Төсвийн байнгын хорооны даргаар Б.Жавхлан, Г.Тэмүүлэн нар сонгогдон ажилласан.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин, Г.Ганболд нар сонгогдон ажилласан.
Хууль зүйн байнгын хорооны даргаар С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр, Д.Цогтбаатар нар сонгогдон ажилласан.
Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар, Ц.Цэрэнпунцаг нар сонгогдон ажилласан.
ДЭД ХОРООД
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Б.Саранчимэг, Г.Ганболд нар сонгогдон ажилласан.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнэ сонгогдон ажилласан.
Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Ё.Баатарбилэг сонгогдон ажилласан.
Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Г.Ганболд, Ж.Батсуурь нар сонгогдон ажилласан.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Х.Булгантуяа сонгогдон ажилласан.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Б.Пүрэвдорж сонгогдон ажилласан.
Тусгай хяналтын дэд хорооны даргаар С.Батболд сонгогдон ажилласан.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нар сонгогдон ажилласан.
Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Ц.Анандбазар сонгогдон ажилласан.
Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Г.Тэмүүлэн сонгогдон ажилласан.
Хүний эрхийн дэд хорооны даргаар Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг нар сонгогдон ажилласан.
ТҮР ХОРООД
- Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороог байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар даргаар нь сонгогдон ажилласан.
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргаар нь сонгогдон ажилласан.
- Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан даргаар нь сонгогдон ажилласан.