Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2017.04.13) 19.00 цагаас гишүүдийн 52.6 хувийн ирцтэй дахин хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Батнасан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Төсвийн тодотголын тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарын төсөлтэй холбогдуулан асуух асуулттай гишүүн байгаагүй тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.