Цэс

Холбоо барих

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ



    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022. 05.05) нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.

    Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж нар үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан  Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийн зүгээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжив.  

    Хуралдаан “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн  төслүүдийн зөвшилцөх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.  

    Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар тус тус танилцууллаа.

    Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулгадаа, “Монгол Улс 1993 оноос эхлэн авто тээврийн гадаад харилцааг өргөжүүлэн өнөөдрийн байдлаар олон улсын долоон гэрээг соёрхон батлуулж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 12 улстай байгуулан олон улсын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгааг тодотгоод тус яамны зүгээс олон улсын тээвэрлэлтийн эрх зүйн орчинг сайжруулах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, автотээврийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсад мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх, улмаар Монгол Улсын тээвэрчид, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалахын тулд холбогдох олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгосон гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох чиглэлээр анхаарч ажиллаж байгааг дурдсан.




    Энэ хүрээнд “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)”-т нэгдэн орохоор уг хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсныг Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн гэв.     

    Монгол Улс уг хэлэлцээрт нэгдэн орсноор, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэм мөрдөгдөх, хөдөлмөрийн нөхцөл, шаардлагыг хангах, тээврийн аюулгүй байдлыг хангах, өөрийн улсын болон бусад улс орнуудын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний осол, зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээнд олон улсын жишигт нийцсэн техник технологийг ашиглах, түүгээр дамжуулан тээвэрлэлтийн гүйцэтгэлд бүрэн хяналт тавих, Монголын тээвэрчид гадаад улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг тус тус нээж байгааг Л.Халтар сайд танилцуулгадаа дурдлаа.  

    Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа, хуулийн төслийг хэлэлцэх үед хууль санаачлагчаас Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-т нэгдэн орох шаардлагыг манай улс хангаж байгаа эсэх, зам, гүүрэн байгууламжийг барьж байгуулахдаа олон улсын чанар, стандартын түвшинд хүргэхэд анхаарах, Улаанбаатар хот, Дарханы автозамын эвдрэл, гэмтэлтэй холбогдуулан иргэд, албан байгууллагад учирч байгаа хохирлыг хэн хариуцах, олон улсын хооронд автотээвэр хийх бэлтгэл ажил хангагдсан эсэх талаар болон улс хоорондын зорчигч тээвэр, ачаа тээврийн ангилалтай мэргэшсэн жолоочийг бэлтгэх сургалтын тогтолцоог шинэчлэх, тэдний ур чадвар, сахилга, хариуцлагыг нэмэгдүулэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жолоочийн үнэмлэх, картыг олгох, олон улсын ачаа тээвэрлэлт хийх автомашины парк шинэчлэлтийг хэрхэн хийх тухай асууж, хариулт авсан гэж байв.

    Мөн тэрбээр, Байнгын хорооны хуралдааныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.14.3-т заасны дагуу явуулсан бөгөөд “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр'-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжин, олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад Байнгын хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 80.0 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.




    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Дамдинням,  Ж.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Г.Ганболд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

    Гишүүдийн зүгээс хэлэлцээрт нэгдэж орсноор европын улсуудаас ирэх ачаа тээвэрлэлтэд үүсэх давуу тал, хөнгөлөлтийн талаар лавлахын зэрэгцээ монголын тээвэрчид ажил, амралтын дэглэмийг зөвхөн гадаадад тээвэрлэлт хийх хугацаанд уу эсвэл дотооддоо  ч мөрдөхөөр  зохицуулсан эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

    Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Л.Халтар хариултдаа, Европт үүссэн нөхцөл байдлаас үүдээд Европын холбоо ОХУ, Беларусийн авто тээврийн хэрэгсэлд хориг тавьсан. Сөргүүлээд Европын холбоонд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд тээвэр хийхэд хүндрэл гарах нөхцөл байдал үүсэж байна. Энэ үед Монгол Улс хэлэлцээрт нэгдэн орсноор Европын улсад тээвэр хийх цаашдаа Европоос Монгол руу тээвэр хийх боломж бүрдэнэ гэдгийг тодотгов. Мөн хэлэлцээрт нэгдэн орсноор алсын тээвэр хийж байгаа жолооч нарын ажил, амралтын дэглэм, аюулгүй байдал, хангагдана. Тухайлбал, хэлэлцээрт нэгдсэнээр тээвэрлэлт хийх автомашинд тусгай төхөөрөмжийг байрлуулах бөгөөд картаа уншуулснаар тухайн жолоочийн ажил, амралтын дэглэм байнгын хяналтад орно. Тиймээс жолоочийн ажил, амралтын дэглэм зөрчигдсөнөөс үүдэлтэй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх давуу талтай гэж байлаа. 

    Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, хэлэлцээрт нэгдсэн орсон улс конвенцыг дотооддоо бас хэрэглэж болно гэсэн зөвлөмж байгаа. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрт нэгдэн орсон 50 гаруй улс энэ конвенцыг дотооддоо мөрдөж байгаа тул бид Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дотоодын тээвэрт ашиглахаар тусгасан. Гэхдээ 3.5 тонноос дээш жинтэй ачааны автомашинаар тээвэр хийх, 9-өөс дээш зорчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн жолоочид уг зохицуулалт хамаарна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. 



    Ингээд “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр'-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь  дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Дараа нь Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг  хэлэлцсэн. 

   Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар  шууд торгох шийтгэл оногдуулдаг байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчлийг аль болох төрийн хяналтын шалгалтын хүрээнд шийдвэрлэх замаар зөвлөн туслах, сануулах, зөрчлийн хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн ерөнхий ангийн зохицуулалтад зарим өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтад Нийгмийн даатгалын болон Татварын тухай хууль зөрчих, Өрсөлдөөний тухай хууль зөрчих үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заасан байгааг онцолсон.

    Түүнчлэн шийтгэлийн  төрлийг нэмэгдүүлж “сануулах” шийтгэлийг шинээр бий болгохоор тусгалаа. Өөрөөр хэлбэл, хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгалаа. Ийнхүү торгохоос өмнө сануулдаг байх зохицуулалт нь нийт зөрчлийн  90-ээс дээш хувийг эзэлдэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн үйлдэлд бараг бүхэлдээ хамрагдахаар тусгасан нь иргэдэд  учирдаг  хүндрэл бэрхшээлийг багасах, нөхцөл бүрдэнэ гэж байлаа.

    Манай улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байсаар байна. Энэ нь зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийг иргэн, хуулийн этгээдэд зарим нь биелүүлдэг, зарим биелүүлдэггүй байдал бий болох хандлагатай байна. Монгол Улсын Их Хурлаас  2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар биелэгдээгүй торгох шийтгэлийн нийт 66 орчим тэрбум төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувийг өршөөн чөлөөлж 33 орчим тэрбум төлөгдөхөөс үүний 41 хувь 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийн дүн бодитоор биелэгдсэн байна. Үүнээс харахад шийтгэлийн шинэ  төрөл, уян хатан механизмыг бий  болгох, хуулийн хэрэгжилт тэгш байдлаар, бүрэн хангагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байна хэмээн Х.Нямбаатар сайд онцлов.



    Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 2 дахин хөнгөрүүлдэг байх зохицуулалтыг тусгажээ. Харин нийтийн эрх ашгийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагаар Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад заасан зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх зохицуулалтад мөн хамааруулахгүй байхаар тусгасан. Хуулийн хэрэгжилт хэлбэрэлтгүй хангагддаг байх өөр нэг хөшүүргийг бий болгохоор зорьсон нь торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд үзүүлэх төрийн  зарим төрлийн үйлчилгээг хязгаарладаг байх зохицуулалтыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, гадаад паспорт олгох, төрийн албаны шалгалтад оролцох, хуулийн этгээдийг тендер сонгон шалгаруулалтад оролцох зэрэг эрхэд нь хязгаарлалт хийж болох зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

    Түүнчлэн баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харьцангуй өргөжүүлэн тусгасан. Ийнхүү шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх, арван зургаа хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувь алдсан хүн, хүнд өвчтэй хүнийг асран хамгаалж байгаа хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай хүнд оногдуулахгүй байхаар тусгасан бөгөөд энэ хэсэгт заасан “хүндэтгэн үзэх бусад шалтгаан”-ыг шүүхээс тогтоон хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой  болсон. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн тоо 10 байсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс хөрөнгө завших, хулгайлах зөрчлийг хасаж, Эрүүгийн хуульд тусгах болсонтой холбоотойгоор, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан зөрчил оногдуулах баривчлах шийтгэлийг хасаж,  харин түүх, соёлын дурсгал зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан зөрчлийг баривчлах шийтгэл хүлээлгэхээр тусгаж, нийт 7 зөрчилд баривчлах шийтгэл хүлээлгэхээр тусгасан гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

   Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд нь энэ хуулийн тусгай ангид дээд, доод хязгаартай байхаар заасан торгох шийтгэлийг  оногдуулахдаа зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн зөрчлийн үр дагавар, учруулсан хохирлыг арилгасан, нөхөн төлбөрийг төлсөн байдлыг харгалзахаар тусгасан. Мөн жагсаал цуглаантай холбоотой зөрчлийн зарим үйлдэлд  эхний ээлжинд сануулах шийтгэл оногдуулах, мөн гамшгийн үеийн хорио цээрийн дэглэм  зөрчсөн үйлдэлд  оногдуулж байсан баривчлах шийтгэлийг хасч, Зөрчлийн тухай хуулийн  төслийг дагалдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлж 3 хоногийн дотор хариу авахаар тусгасныг 1 хоног болгон өөрчлөхөөр тусгасан зэрэг нь  Монгол Улсын Үндсэн хуульд  заасан иргэдийн  үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг  хангахад  тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна.

    Хуулийн төслийн тусгай ангид заасан 104 зөрчлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй уялдуулан тодорхойлжээ. Тухайлбал, гэмт хэрэгтэй давхардуулан хуульчилсан 23 зөрчил, хэрэглэхэд хүндрэлтэй, ойлгомжгүй байсан 81 зөрчлийн шинжийг нарийвчлан  тодорхойлсон байна. Сонгуулийн тухай хууль зөрчих зөрлийн үйлдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдэд нэгэн адил шаардлага тавьж, оногдуулах шийтгэлийг нэгэн адил байхаар тусгасныг анхаарч, эдгээрээс засаг захиргааны хамгийн бага нэгж болох сумд нэр дэвшигчийн зарим төрлийн зөрчлийн үйлдэлд тусгайлсан зохицуулалтыг бий болгосон гэлээ.

    Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.




    Тэрбээр танилцуулгадаа, хууль санаачлагч хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зөрчилд оногдуулж байгаа шийтгэлийн төрөлд сануулах шийтгэлийг шинээр хуульчлах, торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг хязгаарлах, торгох шийтгэлийн хэмжээг дээд, доод хязгаартай байхаар тусгах, торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлбэл 2 дахин хөнгөрүүлэх, зарим төрлийн зөрчилд оногдуулсан торгуулийг хугацаандаа төлөөгүй бол баривчлах шийтгэлээр солих, шинээр баталсан зарим хуулийн зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах зэрэг зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төсөлд сануулах шийтгэлийн төрлийг шинээр оруулж ирж байгааг дэмжиж, хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах талаар санал хэлсэн болно. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг  дурдав.



    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Г.Ганболд, Ц.Сандаг-Очир,  Х.Бейсен, Ж.Ганбаатар, Ж.Батжаргал, Ж.Чинбүрэн,  Б.Жаргалмаа, Ц.Туваан, С.Чинзориг, Н.Энхболд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

    Гишүүдийн зүгээс хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хүний эрх зөрчих, нийгэмд тодорхой хэмжээний хор хохирол учруулж байгаа хүчирхийлэл, садар самууныг сурталчилж байгаа асуудал дээр сануулах шийтгэл оногдуулах нь оновчтой эсэх, хуулийн төсөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зөрчлүүд дээр нийт хэчнээн төрөлд сануулга арга хэмжээ авахаар тусгасныг лавлаж байлаа. Мөн хуулийн төсөлд торгууль шийтгэлээ төлөөгүй этгээдэд хүлээлгэх зохицуулалт тусгасан эсэх, цаашлаад улсын төсвийн бүрдүүлэлтэд торгуулийн шийтгэлд төлсөн төгрөг хэдэн хувийг эзэлдэг талаар тодруулсан.

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариултдаа, Шинэчилсэн найруулга байдлаар оруулж ирсэн хуулийн төсөлд үзэл баримтлалыг гурван хэлэлцүүлгийн шатанд өөрчилж нэмж, хасах эрх нь гишүүдэд байгааг тодотгоод сануулах арга хэмжээг оруулж ирсний үндсэн агуулга нь Монгол Улсад хариуцлагын нэгдсэн тогтолцооны бүтцийг өөрчлөхөд чиглэснийг онцолсон. Тэрбээр, төр торгож шийтгэхээс илүүтэй, зөвлөдөг, шалган тусалдаг чиглүүлдэг хяналт шалгалтын тогтолцоо, механизмыг ажиллуулах агуулгаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэж байлаа.

    Сануулах шийтгэлийг иргэнтэй холбоотой 91, хуулийн этгээдийн 21 төрлийн үйлдэл дээр хэрэглэж байна. Эдгээр зөрчлийн нийт 93 орчим хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зөрчил эзэлж байгаагийн 36 үйлдэл дээр сануулга шийтгэлийг хүлээлгэхээр төсөлд тусгасан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нэмэлт тайлбарыг өгсөн. Мөн тэрбээр, торгох шийтгэлийн биелэлтийг хангуулах үүднээс хүний суурь эрхийг хөндөхгүйгээр зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлах зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Түүнчлэн торгох шийтгэлээс төсөв бүрдүүлдэг гэх хардлага нийгэмд байдаг ч улсын төсөвт жилдээ 60 орчим тэрбум төгрөг ордог, үүний тодорхой хувийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу орон нутагт нь зарцуулдаг. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Мөн Гэмт  хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр торгуулийн орлогын 50 орчим хувийг камержуулалтад зарцуулахыг УИХ-аас хуульчилж өгсөн гэж байлаа. 

    Ингээд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл