УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүн А.Ундраа өнөөдөр (2017.04.17) Монгол Улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, Чех, Монголын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Зузка Беварова Руйброва тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Зузка Беварова Руйброва Монгол Улсад зочилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-ын гишүүн А.Ундраатай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хатагтай Зузка Беварова Руйброва “Манай хоёр орон баялаг түүхтэй. Монгол Улс байгалийн арвин их нөөцтэй ч уул уурхайгаас болж байгаль орчин сүйдэж болохгүйг хэлмээр байна. Манай улс байгаль орчны нөхөн сэргээлт, зохистой ашиглалтын тал дээр ихээхэн туршлагатай. Энэ ч үүднээс хамтран ажиллах, туршлагаасаа хуваалцах боломжтойг дуулгамаар байна” гэлээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа хатагтай Зузка Беварова Руйброватай санал нэгтэй байгаагаа илэрхийлээд хоёр орны уламжлалт хамтын ажиллагааг сэргээх, хөрөнгө оруулалт татах, үр ашигтай төслүүдэд хамтран ажиллах боломжтойг онцоллоо.
Уулзалтад БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дэд дарга Мирослава Стрнадлова, Карел Фиедлер нар болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.