УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачилгаар Өргөдлийн байнгын хорооноос “Хотын статусыг тодорхой болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.05.01) Төрийн ордонд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, тус байнгын хорооны гишүүн Д.Дамба-Очир, А.Сүхбат, Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Хэлэлцүүлгийг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэв.
Тэрбээр, Шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулаад улсын хэмжээнд хүн ам нь 2500-д хүрээгүй 60 сум байгааг судалгаагаар тогтоосон. Аймгийн төвийг сум, хотыг аймаг болгосон нь засаг захиргааны, үйл ажиллагааны давхардал бий болох нөхцлийг бүрдүүлсэн, өөрөөр хэлбэл тэнд амьдарч буй иргэд, сонгогчдын зүгээс хотын статустай холбоотой өргөдөл, гомдлыг сонгогдсон гишүүдэд олноор ирүүлсээр байгааг хэлсэн юм.
Дээрх асуудлаар Өргөдлийн байнгын хороонд 1000 шахам өргөдөл, гомдол ирүүлсэн бөгөөд тус байнгын хорооны дүрмийн дагуу 900-гаас дээш тооны өргөдөл, гомдол ирсэн тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байдаг. Энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна хэмээн Д.Сарангэрэл онцоллоо.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх зорилгоор Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Өөрөөр хэлбэл Зөвлөлдөх санал асуулгад оролцсон төлөөлөгчид энэ сэдвийг хөндөж байгаа нь зөв зүйтэй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагай гэж надад хэлж байсан. Энэ хүрээнд бид хотын статусыг тодорхой болгох зорилгоор өнөөдөр энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг салбарын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг оролцуулан зохион байгуулж байна" гэлээ.
Дараа нь “Хотын статусыг бусад орны Үндсэн хуульд хэрхэн тусгасан талаарх” сэдвээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч Ц. Даваадулам, “Хотын статусын талаарх одоогийн хууль, эрх зүйн зохицуулалт” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал А.Бямбажаргал нар танилцуулга хийв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлж, энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газарт хүргүүлнэ гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.