Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороогоор Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.02) хуралдаан 11 цаг 30 минутад 57,9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

 

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төслийн 25.1.1. импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь” гэдэг дээр Засгийн газар, Сангийн яамнаас санал авсан уу” гэдгийг тодруулав.  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Төслийн энэ заалтыг  Засгийн газар болон Сангийн яам дэмжээгүй. Гэхдээ Ажлын хэсгийн хуралдаан дээр ярилцаж байгаад энэ заалтыг оруулж ирсэн. Учир нь өнөөдөр авто замын засвар, арчлалтад жилдээ 55 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл ердөө 10 тэрбум төгрөгийг л хуваарлисан байгаа нь авто замын засвар, арчлалтад хүрэлцэхгүй байгаа тул ингэж шийдсэн” гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Монголд хэдэн км авто зам байгаа, шинэчилсэн найруулгын төсөлд ашиглалтын хугацааг хэрхэн тооцож, хяналтыг тодорхой тавихаар тусгасан зүйл байна уу” гэдгийг тодруулав. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн Ж.Бат-Эрдэнэ хариултдаа, “Монгол Улс 12 мянган км хатуу хучилттай, 5000 км сайжруулсан шороон замтай. Ашиглалтын хугацаанд норм, нормативыг тогтоож, хэдэн жилийн дараа засвар арчилгаа, тэдэн жилийн дараа их засвар оруулахыг зохицуулдаг. Шинэчилсэн найруулгын төсөлд авто замын чанарын батлагааг хоёр жил болгож, улмаар хариуцлагын асуудлыг илүү нарийн, дэлгэрэнгүй тусгаж өгсөн” гэв.


Үүний дараа Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 60 саналын томъёолол бүрээр санал хураалт явуулсан.

Тухайлбал, төсөлд  “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж дээр орон нутгийн байгууллагаас төлбөр хураах нэгж байгуулан ажиллуулахыг хориглоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжлээ. Мөн Ажлын хэсгээс шинэчилсэн найруулгын төсөлд 11 дүгээр зүйл буюу “Авто замын судлагаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын чиг үүрэг”-ийг заасан шинэ бүлэг нэмжээ. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсноор хуралдаан түр завсарлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл