УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.05.02/ хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хийсэн.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 20 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, С.Эрдэнэ болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.
Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг, Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа олгох тэтгэмжид жилд 1065 хүн хамрагдаж 2,0 тэрбум төгрөг, эхэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд олгох тэтгэмжид 90.0 орчим мянган хүн хамрагдаж 38.7 тэрбум төгрөг одоо зарцуулж байна гээд эдгээр заалтууд Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа. Энэ хуульд шилжүүлэхдээ жирэмсэний 5 сартайгаас 12 сарын хугацаанд олгож байгааг төрөх хүртэл буюу 4 сарын хугацаанд олгохоор тооцоход 24.4 тэрбум төгрөг хэмнэгдэж байгаа гэсэн тооцоог танилцуулсан.
Тэрбээр, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжид 135.0 мянган эх хамрагдаж, сар бүр 50000 төгрөг олгохоор тооцоход жилд 81.0 тэрбум, 3 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжид 16.5 мянган хүн хамрагдах ба улиралд 1 удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх 240.0 мянган төгрөг олгоход 15.8 тэрбум төгрөг зарцуулах ба дээр дурдсан хэмнэгдэх 24.4 тэрбум төгрөгийг хасахад энэ хуулийн хүрээнд шинээр 72.4 тэрбум төгрөг нэмж шаардагдаж байна гэлээ.
Тус Ажлын хэсэг хуралдаанаараа Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар дараахь саналуудыг танилцуулсан.
Тухайлбал:
-төслийн “0-3 насны” болон “0-3 хүртэлх насны” гэсэн нэр томьёонуудын хууль зүйн үр дагавар нь ялгаатай байх тул томьёоллуудыг жигдэлж насыг тодорхой болгох;
-төсөлд тусгагдсан тэтгэмж авах эрхийн тухайд нийгмийн халамжийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт өрхөөс амьжиргааны түвшин нь 80 хүртэлх хувьд багтах өрхийн хүнийг хамруулахаар тусгах;
-тэтгэмж авах эцэг, асран хамгаалагч хөдөлмөр эрхэлдэг бол тэтгэмжийг олгохгүй байх үндэслэл болохгүй гэсэн ойлгомжгүй заалтыг хасах зэрэг саналуудыг хуулийн төсөлд тусгахаар томьёолжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийг хязгаарлах бодлого баримтлах шаардлага бий болсон. Гэтэл хуулийн төслийг батлан хэрэгжүүлбэл 72.4 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдах нь. Үүнийг хэрэгжүүлэх боломж бий юу гэж УИХ-ын гишүүн С.Чинзориг лавлаж байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын тайлбарласнаар, хуулийг хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын талаар төсвийн тодотголын үед яригдсан бөгөөд ирэх оны төсвийн төсөөллийн тухай хуульд тусгагдсан байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед Сангийн яамнаас хуулийг хэрэгжүүлэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдэгдсэн аж. ОУВС-гаас халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зорилтот бүлэг рүү чиглүүлэх гэсэн зөвлөмж өгч байсан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэхдээ ч мөн зорилтот бүлгээ олж хуульд хамруулахаар зорьж байгаа ажээ.
Гишүүд ийнхүү хэлэлцээд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Үүний дараа Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Билэгт, Я.Санжмятав, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа болон холбогдох албан тушаалтнууд орж ажилласан байна.
Ажлын хэсэг хоёр удаа, дэд ажлын хэсэг зургаан удаа хуралдаж, эрүүл мэндийн салбарын бодлого, эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээний талаархи асуудлыг таван чиглэлээр багцлан танилцуулга бэлтгэлээ хэмээн Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хэлсэн.
1. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт,
2. Эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний төсвийн болон даатгалын санхүүжилт, үр ашгийн зарцуулалт,
3. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, ачаалал, хүний нөөцийн бодлого,
4. Хувийн хэвшлийн болон хөдөө орон нутаг дахь эмнэлгүүдийн ачаалал, хүртээмж, эмч ажилчдын нийгмийн асуудал,
5. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж, чанар, аюулгүй байдал гэсэн таван чиглэлээр танилцуулга бэлтгэжээ.
Түүнчлэн Ажлын хэсэг Эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүдэд танилцуулсан.
Гишүүд Ажлын хэсгээс эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эмнэлгүүдийн санхүүжилт, эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургуулиуд, бэлтгэгдсэн мэргэжилтнүүд, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуурын худалдан авалтын талаар асууж тодруулсан.
Ажлын хэсгээс боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төсөл 21 заалттай бөгөөд яам хоорондын ажлын уялдааг хангахад чиглэгдсэн хэд хэдэн заалт тусгагдсан байна.
Гишүүд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд гишүүдээс гаргасан саналуудыг тусган дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.