Монгол
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын
комисс, “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын төлөөллийг өөрсдийнх
нь хүсэлтээр хүлээн авч, уулзаж ярилцав.
Уулзалтад УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай, комиссын анхны дарга, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын гишүүн Д.Дашдаваа, С.Банзрагч, Ш.Батсүх нар байлцав.
Улсын комисс, Төрийн бус байгууллагын төлөөлөгч ахмадууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулж, нөхөх олговрыг хойшлуулалгүй олгох асуудлыг УИХ-ын даргад хандан тавилаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж, цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 3 удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг 4 удаа сунгажээ. Хуулийн үйлчлэх хугацаа 2011 оны 12 дугаар сард дууссан бөгөөд хууль хүчин төгөлдөр болсноос хойш цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.
Өнгөрсөн 18 жилийн хугацаанд 31.000 гаруй хүн цагаатгагдаж, хэлмэгдэгчдийн эхнэр (нөхөр), үр хүүхэд, эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, ач зээ болох 18178 иргэнд мөнгөн нөхөх олговор, 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгосон тухай УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав танилцууллаа.
Хуулийн төслийг Я.Санжмятав болон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан Н.Энхболд нар санаачлан боловсруулаад байгаа юм байна.
Төсөлд:
-улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүнийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах, нөхөх олговор олгох хугацаа нь хууль батлагдсан өдрөөс хойш 2 жил байх;
-өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн болон үрчилж авсан, хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгаж байгаа юм байна.
“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын гишүүн, өндөр настан Д.Дашдаваа: “1930-40-өөд онд хилсээр цаазлагдсан 30.000 улс төрийн хэлмэгдэгчийн үр хүүхэд эдүгээ доод тал нь 80 настай болж, 300-гаадхан нь амьд байна. Өндөр настай, ядуу амьдралтай, орон байргүй, тэтгэвэргүй, эсвэл хамгийн бага тэтгэвэр авдаг тэдгээр хүмүүс хохирлоо барагдуулж, 1-2 жил ч гэсэн хүн шиг амьдарч байгаад үхэхийг хүсэж байна” гэв.
Тэрбээр 1998 оны Цагаатгалын хуулиар хэлмэгдэгчдэд олгосон 1.0 сая төгрөг нь нөхөх олговор биш, нэг удаагийн тэтгэмж байсан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хэлмэгдэгчдээ цагаатгасан гадаад улс орнуудын жишгээр биш юмаа гэхэд ядаж орох орон байртай болгож, үүнийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг тавилаа.
Ингэхдээ бүх хөрөнгөө хураалгаж, эрхээ элдвээр зөрчүүлж, ажил сургуулиас хасагдаж, нэр төрөө гутаалгаж, хохирч байсан, зөвхөн одоо амьд байгаа хүүхдэд л олгох; эцгээ хилсээр цаазлуулсан хүүхдүүдэд 2 өрөө байр буюу 100 сая төгрөг; эцэг нь амь өршөөгдөж, 10 жилээр шийтгэгдсэн бол 1 өрөө байр буюу 50 сая төгрөг; 5 жилээр шийтгэгдсэн хүний хүүхдэд 25 сая төгрөг гэх мэтээр ялгавартай олгох, нэг айлын хэд хэдэн хүүхэд байгаа бол дунд нь өгөх, урьд нь хохирлоо ямар нэг хэмжээгээр төлүүлчихсэн бол дахин олгохгүй байх, нөхөх олговор авахаасаа өмнө нас барсан нэхэмжлэгчийн эхнэр, хүүхдэд 50 хувийг олгох, тэдгээр хүмүүсийг 90 настайгаас нь эхлэн 3-4 жилд цувуулж өгөх замаар төсөвт учрах ачааллыг хөнгөвчлөх саналтай байгаагаа хэлэв.
УИХ-ын дарга М.Энхболд тэдний хүсэлтийг сонсоод “Я.Санжмятав дарга энэ асуудлаар надтай 3 дахь удаагаа уулзаж байна. Тиймээс би тодорхой ойлголттой байгаа. Хуулийн төсөл санаачлагчид төсөлдөө Засгийн газрын саналыг авч, УИХ-д өргөн барих ёстой. Төсөл өргөн баригдвал хэлэлцэх асуудлыг шуурхайлъя. Та бүхэн энэ хаврын чуулганаар батлуулж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэх саналтай байгаа юм байна. Төсөл өргөн баригдчихвал хаврын чуулганаар хэлэлцэхэд анхаарлаа хандуулъя. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч шийдэх боломж, гарцыг хайя” гэсэн хариултыг өглөө.
“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын гишүүн Д.Дашдаваа, С.Банзрагч, Ш.Батсүх нар хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонссон, хэлмэгдэгчдийн асуудлыг нааштай шийдэх талаар анхаарлаа хандуулж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Энэ онд багтаан ядаж 90-ээс дээш настай хүмүүсийн нөхөх олговорыг олгох талаар анхаараарай” хэмээн захив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.