Цэс

Холбоо барих

Байнгын хорооны ажлын хэсгүүд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр ажиллав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2017.05.08) Мал эмнэлэг, үржлийн газар, Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав.


Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нар ажилласан юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар очиход тус газрын захирал П.Ганхуяг байгууллагынхаа талаар товч танилцууллаа. Мал эмнэлэг, үржлийн газар нь мал сүргийг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн  шаардлага, аюулгүй байдлыг хангах, эмийн хэрэглээг бүртгэх, хянах болон мал сүрэгт тэмдэглэгээ хийх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх чиглэлээр ажилладаг байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх чухал хуулиудын нэг бол Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүд. Малыг эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, малыг хэрхэн зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах талаар бид ярилцаж байна. Энэ салбарын бүхий л байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, малын гаралтай эцсийн бүтээгдэхүүн гаргахад шаардлагатай цогц хуулийг гаргах шаардлагатай байна. Мал аж ахуйн салбар уналтад орсон. Экспортод гаргадаг малын бүтээгдэхүүн байхгүй, дотооддоо хэрэглэж буй малын мах олон улсын стандартад нийцэхгүй байгаа” хэмээн онцлоод энэ салбарт шинэчлэл хийж, хуулийн тогтолцоог үр дүнтэй байлгах тал дээр ажиллах болно гэлээ.


П.Ганхуяг захирал “16 жилийн хугацаанд 187,7 тэрбум гаруй төгрөгийг малын эмнэлэг, үржлийн үйл ажиллагаанд зарцуулсан. Зөвхөн 2009-2016 оны гоц халдварт өвчнөөр үхсэн малын нөхөн олговорт 50 тэрбум өгсөн” гээд энэ мөнгөөрөө илүү үр дүнтэй ажиллах боломжтой хэмээн онцолсон юм.

Дараа нь Ажлын хэсгийнхэн Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус төв нь мал сүргийн удмын санг хамгаалах, үржүүлэх үндсэн үүрэгтэй аж. Байгууллагынхаа талаар төвийн захирал Д.Цолмон танилцуулсан.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Зөвхөн өнөөдрийн тулгамдаад байгаа асуудлыг тусгаж энэ хуулийг батлах биш, урт настай хууль батлахын тулд ирээдүйд болзошгүй асуудлыг тусгах шаардлагатай. Тавдугаар сарын 25,26-ны өдрүүдэд малчдын зөвлөгөөнийг Ажлын хэсэг зохион байгуулна. Энэ зөвлөгөөнөөр малчидтай хөдөө аж ахуйн салбарын талаар өргөн хэлэлцүүлэг хийх зорилготой байгаа” гэлээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсэг дээрх хоёр хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар танилцуулга бэлтгэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл