Цэс

Холбоо барих

Төрийн албаны шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03) хуралдаан 09 цаг 44 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Төрийн албаны шинэчлэлийн тухай хоёр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсэн бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан боловч цаашид чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.


Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй бөгөөд төсөлд дараахь асуудлыг шинээр тусгажээ. Үүнд:

- Улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөлийг баталгаажуулах,  

- Түүнчлэн чадахуйн зарчим /мерит/ буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж, түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулах,

-  Мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх,

- Төрийн албан хаагч /улс төрийн албан хаагчаас бусад/ улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсоож, улс төрийн нөлөөнөөс ангид, ард түмнийхээ тусын тулд, зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах Үндсэн хуулийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломж бүрдүүлэх;

- Бүрэн эрхийн хугацаанд улс төрөөс хараат бус, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг 6 жилийн хугацаагаар томилох эрх зүйн орчныг бүрдүүлэх;

- Төрийн албанд авилга, хээл хахууль, хүнд суртал буурах нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд ойртох, төр, иргэний харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх;

- Төрийн албаны удирдах албан тушаалтны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийг шинээр тогтоож, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох;

- Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг хөгжүүлэх, түүнийг хамгаалах, төрийн албан тушаалд сонгон шалгаруулах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих үндсэн үүрэг бүхий хамтын удирдлагын зарчмаар ажилладаг байгууллага болгон өөрчлөн байгуулж, улс төрөөс хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх,

- Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох; улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлздэг биш, татгалздаг байхаар хуульчлах;

- Удирдлагын академийг төрийн албан хаагчдын тасралтгүй үргэлжлэх сургалт, хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулагч, судалгаа, сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн хүрээлэн болгон өөрчилж, чадавхийг бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх;

- Төрийн албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах,

-  Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт боловсронгуй болж, төрийн албан хаагчийн ажлын үр дүн, өсөлт хөгжлийг удирдлагын субьектив хандлага бус үйлчлүүлэгч, хамт олон, өөрийн үнэлгээ болон үр дүнгийн үзүүлэлтэд тулгуурласан хэмжүүрээр бодитой үнэлдэг тогтолцоонд шилжих. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг бус үр дүнг үнэлдэг болох;

- Хариуцсан ажлын чиг үүрэг, түүний хүрээ, хүлээх хариуцлагад тулгуурласан цалин, урамшууллын шударга тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгаажна. Төрийн албаны зөвлөл нь улс төрөөс хараат бус, чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг сахин хамгаалж, Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн илтгэлдээ онцоллоо.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нийслэлийн Иргэний танхимд энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын саналыг авчээ. Мөн зарим цахим хуудас /www.ulaanbaatar.mn, www.zaluu.com гэх мэт/-аар дамжуулан хуулийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, цахим хэлбэрээр саналыг нь авч хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан тохиолдолд Монгол Улсын 2017 оны төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй бөгөөд хуулийн төслийн үр нөлөөг зохих аргачлалын дагуу үнэлж, хуулийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган, хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад анхаарч ажилласан гэдгийг төсөл санаачлагч дурдлаа.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Б.Батзориг, Ж.Батзандан нар үг хэлж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаа, шинэчилсэн найруулгын төсөл нь төрийн албаны улс төрөөс хараат бус, бие даасан, мэргшсэн, тогтвортой  байдлыг хангахад чиглэгдэх ёстой, хэлэлцүүлгийн дараагийн шатанд ажлын хэсэг гаргаж нухацтай хэлэлцэх шаардлагатай гэдгийг хэлж байв. Ингээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.


Ээлжит сонгуулийн үр дүнд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн зэрэг улс төрийн шалтгаанаас үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж, залгамж чанаргүй, хариуцлагагүй байдал үргэлжилсээр ирсэн. Түүнчлэн төрийн хариуцлагатай удирдах албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлоор томилогдож, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгаа зэрэг сөрөг үр дагаврыг арилгах үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь нийт 6 зүйлтэй агаад холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулах төслийг хамтад нь боловсруулсан байна.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг дөнгөж сая гишүүд хэлэлцэхийг дэмжлээ. Иймээс Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн агуулга нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багтсан бол цаашид хэлэлцэх шаардлагатай эсэх талаар тодруулахад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж өмнөх Улсын Их Хуралд өргөн барьсан боловч хэлэлцэгдээгүй. Одоо хэлэлцэх гэж байгаа хоёр хуулийн төсөлд агуулга, үзэл баримтлал, зарчмын хувьд адил төстэй зүйл бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд төрийн албаны мэдээллийн сан, төрийн удирдах албан тушаалтныг шинээр томилох, төрийн албан тушаалыг орлон гүйцэтгэх, мөн хуулийн нэр томьёотой холбоотой зарчмын шинэ зохицуулалтууд тусгагдсан байгаа. Иймээс дараагийн хэлэлцүүлгийн явцад хуулийн хоёр төслийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.

Мөн хэлэлцэж буй хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төрийн албаны шинэчлэлийн асуудал удаан хугацаанд яригдаж байгаа ч ахиц муутай явж ирсэн. Иймээс хуулийн хоёр төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээд ажлын нэг хэсэг гаргаж төслүүдийг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Гишүүний энэ саналыг дэмжиж буйгаа үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Жавхлан, Ж.Батзандан нар илэрхийллээ. Ингээд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэй дэмжлээ.       

Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар сайдын танилцуулгыг сонсов

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцэв. Энэ талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хийсэн юм.

Улсын Их Хурлын 2015 оны 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 5 бүлгийн хүрээнд 22 зорилт, нийт 158 бодлогын арга хэмжээ тусгагдаж батлагджээ. Эдгээрт Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 29, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 119, бусад бодлогын баримт бичгээс 10 арга хэмжээ тусгагдсан байна. Үндсэн чиглэлд тусгагдсан нийт зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг 2016 оны эцсийн байдлаар тооцож дүгнэхэд 61.2 хувийн хэрэгжилттэй гарсныг сайд танилцуулгадаа дурдав.

Харин Үндэсний аудитын газар Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээ бүрийг үнэлээд нийт 158 зорилт, арга хэмжээнээс 55 нь бүрэн хэрэгжсэн, 72 нь хэрэгжилт дутуу, 31 нь хэрэгжээгүй, үндсэн чиглэлд тусгагдсан нийт зорилт, арга хэмжээний хэрэгжилт дунджаар 58.9 хувийн хэрэгжилттэй байна гэж үнэлсэн байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан жил бүр үндсэн чиглэлийг хэрэгжилтийг хэлэлцдэг хуультай ч сонгуулийн жил таарсан үеийн хэрэгжилтийг дүгнэх, хэлэлцэхэд хүндрэлтэй тал гардаг. Иймээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар сонгуулиас хойш ямар ажил хийж ямар ахиц дэвшил гаргав, өмнөх Засгийн газрын бодлогын ямар алдааг яаж засав, залгамж чанарын хувьд давуутай арга хэмжээг нь үргэлжлүүлэв, цаашид хэрхэн яаж ажиллахаар төлөвлөж байгаа талаар Засгийн газрын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм.

Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаархи тайланг сонсож хэлэлцсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл