Цэс

Холбоо барих

“Эмэгтэйчүүд-манлайлал” сэдэвт зөвлөгөөн болов

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар “Эмэгтэйчүүд-манлайлал” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр (2017.04.21) Төрийн ордонд боллоо. Энэхүү зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Сумъяабазар, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат нарын гишүүд оролцсон юм.


УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Говийн бүсэд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн сөрөг үр дагавар бий болж байна. Ялангуяа ажилгүйдэл, гэр бүл салалт, архидалт, бэлгийн замын өвчлөл олон асуудал үүсгэж байна” гэж тэмдэглээд, нийгэмд тулгараад байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо чухал байна хэмээн онцлов.

Тэрбээр төрийн бодлого, шийдвэрт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг амжилт гаргахад нь туслан дэмжиж, санаа бодлоо солилцох үүднээс тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна гэлээ. Мөн нийгэмд чиглэсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгоход голлон анхаарч, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байгаагаа УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэлсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Сумъябазар, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат нар ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн үг хэлэв.

Дараа нь “Эмэгтэйчүүдийн удирдан манлайлах ур дүй” сэдвээр Удирдлагын Академийн багш, доктор, дэд профессор Т.Алтанцэцэг, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын оролцоог дэмжих, ядуурлыг бууруулах нь” сэдвээр Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Д.Булгамаа нар илтгэл тависан юм.


Төгсгөлд нь зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын хөгжлийн бодлогод эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах талаар санал бодлоо солилцлоо. Мөн говь нутагт нүүрлэсэн ажилгүйдлийг бууруулахын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг хоршоо, хамтын хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг дэмжиж өгөхийг шийдвэр гаргагчдаас хүсч байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл