Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 15 дахь дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2015 оны 15 дахь дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга яваалах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордны Их танхимд 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг  хангах гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдах юм байна.

Мөн дугаарт Дипломат дээд цол олгох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв олгох тухай, Монгол Улсын Ерөнхий аудиторт зэрэг дэв олгох тухай, Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын Хавсралтын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн Оюуны  өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон тогтоосон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцсэн байна.

Дээрх тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн нь Улсын Их Хурлын төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг тогтоох талаарх бүрэн эрхэд хамаарч байгаагаас гадна Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, 02 дугаар дүгнэлтийг гаргажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл