Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Н.Энхболд БНЭУ-ын Элчин сайдтай уулзав

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.04.24) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд Элчин сайд Суреш Бабугтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцлов.

Элчин сайд Суреш Бабуг Байнгын хорооны дарга Н.Энхболдыг цаг зав гарган уулзаж буйд талархаад хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа өргөжиж  байгааг тэмдэглээд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэрээ 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болж, энэ зээлийг газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр төслийн үр өгөөж, ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд цаг алдалгүй хэрэгжүүлэхийн чухлыг энэ үеэр онцоллоо.

Уулзалтын төгсгөлд талууд Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлэгээр сургах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх мөн хоёр улсын Засгийн газрын удирдах түвшний албан тушаалтнуудын дунд богино хугацааны танилцах аялал зохион байгуулах, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хөндөн ярилцаж, хамтран ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл