Цэс

Холбоо барих

Суурь судалгааны эцсийн тайланг Байнгын хорооны даргад гардуулан өгөв

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.04.20) Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээн авч уулзав.


Энэ үеэр Улсын Их Хурлаас 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичгийн талаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) 2016 оны аравдугаар сараас 2017 оны хоёрдугаар сарын хооронд хэрэгжүүлсэн “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, улсын хөрөнгө оруулалтын салбарын суурь  судалгаа”-ны эцсийн тайланг Байнгын хорооны дарга Н.Энхболдод гардуулан өглөө.

Ноён Сато Мүцүми энэхүү суурь судалгааны эцсийн тайлангын зорилгын талаар мэдээлэл өгөөд, судалгааны үр дүнд дунд хугацааны хөгжлийн бодлого, улсын төсөвтэй холбогдох өнөөгийн асуудлуудыг тодорхойлсон байна. Түүнчлэн улсын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөгжлийн төсөл хэрэгжүүлэх мөчлөгийн бүхий л үе шатны асуудлыг тодорхойлж өгөөд УИХ, Засгийн газрын үүрэг, хариуцлага, чадавхид дүгнэлт хийж, хяналтын тогтолцоог бий болгоход тулгарч буй асуудлын талаар танилцууллаа. Судалгааг хийхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, бүх яамд болон Үндэсний хөгжлийн газрын хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Байнгын хорооны дарга Н.Энхболд “Монгол Улсын урт хугацааны төлөвлөлт, бодлого замбараагүй явж ирсэн. Хэдийгээр УИХ-аас хууль, тогтоол баталдаг ч түүнийгээ тууштай мөрдөж, хэрэгжүүлж чаддаггүй. Үндэсний хөгжлийн газар статусынхаа хувьд УИХ, Засгийн газар, яамдын хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаа” гээд цаашид “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, улсын хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа”-г хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг авч ЖАЙКА-тай хамтран ажиллах болно гэлээ. Мөн урт хугацааны хөгжлийн бодлогыг төлөвлөдөг, хэрэгжүүлдэг механизмыг хуульчлах тал дээр зөвлөгөө авч, энэхүү тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл