Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.26) хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ц.Гарамжав, Б.Батзориг нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баяжуулсан болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төсөл боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах”, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын 4.1.13-т “Шим тэжээллэг болон органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтууд тусгагдсан. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь хүний бие бялдар, оюун ухааны хөгжлийн үндэс төдийгүй нийгмийн тогтвортой байдал, эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болдог учир төрийн бодлогын салшгүй нэг хэсэг байдаг. Хүн амын дунд явуулсан амин дэм, эрдэс бодисын дутлын талаарх судалгааны дүн баяжуулсан хүнсний талаар бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсныг харуулж байна гэдгийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулгадаа онцоллоо.
Судалгаанаас үзэхэд Монгол Улсын хүн амын хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, амин дэмийн хэрэглээ хоногийн тундаа /100 хувь/ хүрэхгүй байна. Тухайлбал, амин дэм В1-70,8, В2-77,6, B6-59,5, С-30.8, А-93,5, кальци-69 хувийн хэрэглээтэй байна. Хүн амын эрдэс, амин дэмийн дутлын судалгааг түүвэрлэн авч үзвэл 7,4 хувь нь иодын, 28,5 хувь нь гемоглобины, 21,4 хувь нь төмрийн, 32,4 хувь нь А, 42,4 хувь нь Д амин дэмийн дуталтай байгааг тогтоожээ.
Эрүүл мэндийн яамнаас 2016 онд явуулсан хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4,7 хувь өсөлтийн хоцрогдолтой, 15-64 насны хүн амын 54,4 хувь нь жингийн илүүдэлтэй, 26-64 насны хүн амын 61,7 хувь нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй, нас баралтын 80 хувь нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй байсан байна.
Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Ингээд уг хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, А.Сүхбат нар Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн хувьд Баяжуулсан хүнсний тухай хуулийг хэлэлцэх хэрэгцээ шаардлагад тулгуурласан судалгаа бий эсэх, эрх зүйн орчныг нь бүрдүүлснээр ямар үр дүнд хүрэхийг илүүтэй тодруулж байлаа. Түүнчлэн хүнсний ямар бүтээгдэхүүнийг хэчнээн төрлийн бичил тэжээл, амин дэмээр баяжуулах шаардлагатайг, цаашлаад хүнсний баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэрлэгчдэд эдийн засгийн дарамт болох эсэхийг сонирхож байв. Мөн баяжуулсан хүнс нь энгийн бүтээгдэхүүнээсээ үнэ өртгийн хувьд хэр зөрүүтэй байхыг, өдөр тутамдаа баяжуулсан хүнс хэрэглэснээр амин дэмийн илүүдэл болох эрсдэл хэр байгааг тодруулав.
Ажлын хэсгийнхэн хариултдаа, Хүн амын нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амин дэм, эрдэс бодисын дутлаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан журмаар зарим нэр төрлийн хүнсийг баяжуулах, хүн амд хүртээмжтэйгээр тасралтгүй үйлдвэрлэх шаардлага тулгараад байна. Дэлхийн 140 орон давсыг, 83 улс үр тариагаа, 23 орон хүнсний тосыг баяжуулж хүн амаа бичил тэжээллийн дутал, далд өлсгөлөнгөөс хамгаалж, эрүүл мэндийг нь урьдчилан сэргийлсээр ирсэн байдаг. Монгол Улс давсыг иоджуулснаар хүн амаа иод дутлаас сэргийлж чадсан нь судлагаагаар тогтоогдсон. Хүн амын иод дутлын хэмжээ өнөөдөр долоон хувь хүртэл буурсан. Иймд Монгол Улс өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс давс, гурил, сүүг баяжуулах шаардлагатай байна гэж байлаа.
Хүнсийг ингэж баяжуулахдаа ДЭМБ-ын удирдамж, зөвлөмжийн дагуу явуулна. Монгол хүний хоол хүнс, байгаль, цаг уур, бие физиологийн норм гэж бий. Хоногт хэрэглэх өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс авах амин дэм, эрдэс бодисын 30-40 хувийг л нөхөхөөр баяжуулсан хүнсийг үйлдвэрлэдэг. Тиймээс өдөр тутам баяжуулсан хүнс хэрэглэсэн ч амин дэмийн илүүдэлд ордоггүйг судлагаагаар тогтоосон. Цаашлаад баяжуулсан хүнс бүрт агуулагдах амин дэм, эрдэс бодисын хэмжээ, стандартыг боловсруулж гаргана гэж байлаа.
Түүнчлэн хүнсийг ингэж баяжуулахад тодорхой хэмжээний зардал гарна. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2011 онд гурилыг долоон төрлийн амин дэмээр баяжуулах судлагааг хийсэн. Нэг тонн гурилыг баяжуулахад 2.3 ам доллар зарцуулж байсан. Тэрхүү өртөг өнөөдөр өөрчлөгдөх нь гарцаагүй. Гэхдээ зардлаас олох үр ашгийн тооцоо гэж байдаг. Олон улсын судлагаа, туршлагаас харахад хүнсийг баяжуулсан үр ашгийн тооцоог 1х9 харьцаатай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүнсийг аминдэмээр баяжуулахад зарцуулах хөрөнгийг нэг хувьтай, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ, эмийн хөнгөлөлийн бусад зардал есөн хувьтай байна гэсэн үг. Иймд хүнсийг баяжуулснаар хүн амын эрүүл мэндийг бага зардлаар хамгаалах эдийн засгийн үр нөлөө өндөр байгаа юм гэж Ажлын хэсгийнхэн харилтдаа онцлов.
Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Б.Батзориг, Д.Мурат нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хуулийн төсөлд цэцэрлэг, сургуулийн үдийн хоолыг баяжуулсан хүнс хэрэглэхэд анхаарах, хүн амын хүнсний боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Батзориг “Монгол Улс хүн амаа амин дэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, органик хүнсээр хангахад энэ хуулийн төсөл ихээхэн ач холбогдолтой” гэдгийг онцолж байв. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хуулийн төсөлд энэ асуудлыг төрөөс бодлогоор дэмжих, эрх зүйн орчинд зохицуулах асуудлыг нарийвчлан тусгах хэрэгтэй” гэсэн саналыг хэллээ.
Хуралдааны төгсгөлд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар блов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.