Цэс

Холбоо барих

БСШУСБХ: “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.04.26) хуралдаан 17 цаг 05 минутад ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.


    Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


    Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулахдаа төсөлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоохоор тусгасан талаар онцлов.  


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төсөл санаачлагчдаас Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, П.Анужин, Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Г.Дамдинням нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд аймаг орон нутагт баригдах соёлын төвийн барилгуудаас заримыг нь үргэлжлүүлж, заримыг хасахаар тусгасныг ямар зарчим, шалгуураар тогтоосон талаар болон баригдаад дууссан соёлын төвийн тоног төхөөрөмж худалдаж авах зардлыг танаж оруулж ирсэн шалтгааны талаар тодруулав. Мөн гишүүн Ч.Ундрам Бээжин хотод Монгол Улсыг сурталчлах төв байгуулах хөрөнгө оруулалт туссан эсэх талаар тодрууллаа. Гишүүдийн асуултад хугацаандаа гэрээ хийгдээгүй, тендер зарлагдаагүй соёлын төвийн төслүүдийг хассан. Бээжин хотод Монгол Улсыг сурталчлах төв байгуулах нь барилга барих тухай асуудал биш юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадаад улсын их сургуулиудыг түшиглэн улс орноо сурталчлах соёл судлалын төв байгуулахаар тусгасан. Төв байгууллаа гээд ямар нэгэн барилга барихгүй гэж Соёлын сайд Ч.Номин хариуллаа.   


Түүнчлэн гишүүд сургууль, цэцэрлэг барих тал дээр хангалттай хөрөнгө тавина гэж ярьсан хэрнээ тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан сургуулийн төсөл зогссон, сургуулийн гол тогооны шинэчлэлээс хөрөнгө оруулалтыг танасан гээд төсвийн танаасанд соёл, боловсролын салбараас олон төсөл хамрагдсан байна. Хүүхдүүд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг өнөөдөр танаад байвал ирээдүйд эдийн засгийн дарамт болно гэдэг байр суурийг илэрхийлж, хүүхдүүдэд зориулсан зардлаас хасалгүйгээр шийдвэрлэх гарц, бодлогын талаар тодрууллаа. Гишүүдийн асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгийн төсөл зогссон шалтгаан нь газар чөлөөлөгддөггүйгээс үүдэлтэй. Газрын асуудал шийдэгдсэнээр цааш явах боломжтой. Хөрөнгө оруулалтын зардлыг хасахдаа боловсролын салбарт харьцангуй “энэрэнгүй” бодлого барьж, урсгал зардлаас 150 тэрбум төгрөг хассан гээд хэмнэлтийн бодлогын хүрээнд зарим хөрөнгө оруулалтыг хасахаас өөр аргагүй байгаа талаар хариултдаа онцлов.


    Асуулт асууж, хариулт авч дууссанаар төсөлтэй холбогдуулан гишүүдийн Төсвийн тухай хуулийн дагуу гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын гаргасан соёлын салбарт шинээр ашиглалтад орсон “Чингис хаан” хаад язгууртны музейн санхүүжих дүнг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн гаргасан сургуулийн гал тогооны шинэчлэлийн санхүүжилтийн дүнг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн гаргасан Говьсүмбэр аймагт соёл боловсролын чиглэлд хэрэгжиж буй хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй саналууд гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.

    Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.


    Үргэлжлүүлэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ.” гэж заасны дагуу Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. 


  Дараа нь "Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, нийслэлийн өндөр ачаалалтай бүх байршил, хороодод цэцэрлэг барьж чадах эсэх, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүрэн элсүүлэх ямар бодлого барих талаар болон орон нутагт цэцэрлэг барих талаар төсөлд тусгагдах уу гэдгийг тодруулав.

    Гишүүдийн асуултад хариулахдаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүн ам ихтэй, өндөр ачаалалтай байршлуудад шинээр цэцэрлэг барихаар тусгасан талаар болон цэцэрлэг шинээр бий болгох асуудлыг дан ганц төрийн нуруун дээр тохолгүйгээр байгууллагын цэцэрлэг зэрэг хувилбарт цэцэрлэг, сургалтуудыг дэмжих чиглэлээр ажиллана. Хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг төрийн өмчийн цэцэрлэгтэй адилхан олгоно. Сугалаагүй цэцэрлэгтэй болно гэдэг бодлого энэ удаад нийслэлд хэрэгжиж дараагийн үе шатанд хүн ам ихтэй хотуудад хэрэгжинэ гэдгийг онцолсон. 


    Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр тодорхой найруулга хийх зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, П.Анужин, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Г.Дамдинням нарын таван гишүүн гаргаж, санал хураалт явууллаа. Гишүүдийн гаргасан саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авав.

    Ингээд хуул, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл