Цэс

Холбоо барих

НББХ: “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.03.22) хуралдаан 11 цаг 40 минутад 52.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.


    Эхлээд “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга, томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл зэрэг мэдээлэл авах “Нэр дэвших тухай хүсэлт””-ийн загварыг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хариулт өгсөн.  Ингээд “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувийн саналаар дэмжлээ.


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь  хэсгийг үндэслэн хэлэлцэн, баталсан тус тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн загварыг нэгдүгээр хавсралтаар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан. Тогтоол баталсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.


    Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийг үндэслэн Байнгын хорооны тус тогтоолын төслийг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл