Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нараас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлийг олгож байгаа хэдий ч аймгийн төвөөс алслагдсан нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөц багасах, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байна.
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа болно.
Аймгийн төвөөс бусад 46 суманд ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжирснаар ажлын байрандаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломж бүрдэнэ гэж үзсэн.
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.
Улсын Их Хурлын Тамгын газар