Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 15 минутад эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 03 сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Хуулийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор ОУВС-ийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг ОУВС-тай урьдчилан тохирсны дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлт төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар Сангийн сайд дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгагдсан бодлогын арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны төсөв 71 тэрбум 645.9 сая төгрөгөөр батлагдсан ба төсвийн тодотголын төсөлд гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан гадаад зээл, тусламж болон бусад гадаад валютаар төлөгддөг зардлууд 1 тэрбум 962.6 сая төгрөгөөр нэмэгдэхээр тусгагдсан байна. Өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагчийн орон тоонд нөхөн томилогоо хийхгүй орон тоог царцааснаар цалингийн сан 25.2 сая төгрөгөөр буурчээ. Ийнхүү нийт дүнгээр 1 тэрбум 937.4 сая төгрөгөөр нэмэгдэхээр төсвийн төсөлд тусгагдсан талаар Д.Оюунхорол сайд хариулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны төсвийн нийт зардлыг 185.8 тэрбум төгрөг үүнээс урсгал зардалд 95.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 29.5 тэрбум төгрөг, дотоод эх үүсвэрээс олгох зээл 21.9 сая төгрөг, гадаадын зээл, тусламжаас санхүүжих зардал 39.3 тэрбум төгрөгөөр батлагдсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2017 оны төсвийн тодотголд Атрын 3 дугаар аяныг үргэлжлүүлэх, мах сүүний анхдугаар аяныг эхлүүлэх зорилтын хүрээнд урсгал зардал 15.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 20.0 тэрбум төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн дэмжлэгийн эх үүсвэрийг эргэн төлөлтийн хэмжээгээр 29.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхэрээр тусгасан байна. Газар тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор тариалан эрхлэгчдээс улаанбуудай худалдан авах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх зорилгоор бордоо худалдан авахад шаардагдах санхүүжилтийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өөрийн хөрөнгийг 22.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг 2,5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэж, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.