Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.01.31)  үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  


Тус төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Байнгын хороо 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед төсөлд тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 7-д тусгагдсан “нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ тэрбум төгрөгөөр 2022 онд” гэсний “4906.7” гэснийг “4809.6” гэж, ДНБ-д эзлэх хувь 2022 онд “10.5” гэснийг “10.3” гэж тус тус өөрчлөх зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Ч.Хүрэлбаатар гишүүний танилцуулсан Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Байнгын хорооны хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.


Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Байнгын хороо 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэр бүхий гишүүд гаргажээ. Төсвийн байнгын хорооны тус хуралдаанд оролцсон гишүүдийн олон тус горимын саналыг дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахаар Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 58 гишүүний 31 нь буюу 53.4 хувь нь дэмжив. Иймд дээрх хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл