Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.01.31) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.
Байнгын хороо 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү эцсийн хувилбарыг хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн гэв.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, үг хэлсэн юм. 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд инфляцыг 6.7 хувь хэмээн төлөвлөсөн ч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад энэ төлөвлөлт бодитой биелэх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, холбогдох тодруулгыг хийлээ. Засгийн газар холбогдох тооцооллыг хийж, инфляцыг 6.7 хувь хэмээн төлөвлөсөн гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга хариулсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Төсвийн байнгын хороо 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулж хэлэлцсэн гэв. Байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын зарим гишүүн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулгын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тиймд уг саналыг хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн төсөлд тусгажээ.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 15 их наяд 771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18 их наяд 158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувь болж, төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон тэнцлийн алдагдал 2 их наяд 387.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байгааг танилцуулсан. Мөн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хамтатган явуулж, Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж өгөхийг Ч.Хүрэлбаатар гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлтийн төгсгөлд хүслээ.
Төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав.
Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахал сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийт болон Монгол Улсад эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, төсвийн хүндхэн сорилт болж байгааг санал, дүгнэлтийн эхэнд дурдаад Монгол Улсын нүүрсний экспорттой холбоотой тоо баримт дурдан байр суурь илэрхийлж, эрх баригчдад хандсан шүүмжлэл хэлэв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, эрүүл мэндийг хамгаалахаар хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн талаар дүгнэлт хэллээ.
Засгийн газар төсөв, мөнгөний талаарх шийдвэрүүдээ эргэн харах, цар тахлын нөхцөлд аж ахуй нэгжүүдээ ялгаварлалгүй дэмжих, ажлын байр олноор бий болгох, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бодитой ажил хийх шаардлагатай байгааг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн төсвийн тодотголын төсөлтэй холбогдуулсан санал, дүгнэлтэд дурджээ.
Ийнхүү дээрх санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, С.Бямбацогт, Б.Энх-Амгалан, Г.Ганболд, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслүүдийг эцэслэн батлав
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм.
Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 42 гишүүн дэмжиж, дээрх хуулийг баталлаа. Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад 44 гишүүн дэмжиж, хууль батлагдав.
Төсвийн тодотголын төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна” хэмээн заасан байдгийн дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулсан. Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.2 хувь буюу Улсын Их Хурлын 44 гишүүн дэмжин, баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын дарга Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулсан. Төгсгөлд нь хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь буюу 47 гишүүн дэмжиж, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.
Ийнхүү хуулиудыг баталсны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулиудын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. Дараа нь тэрбээр Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганыг хааж, үг хэлэв. (бүрэн эхээр нь энд дарж уншина уу)
Ээлжит бус чуулганаар дээрх хуулиудыг баталснаар Монгол Улсын 465.000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарч байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ арга хэмжээнд нийтдээ 637.0 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна. Энэ хөрөнгөөр тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 15 хувиар нэмэгдүүлнэ. Төсвийн байнгын хороо богино хугацаанд үр дүнтэй хуралдаж, 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн урсгал зардлыг 15.4 хувиар танах замаар буюу төрийн байгууллагуудыг 2022 онд урсгал зардлаа танаж, бүсээ чангалах байдлаар ажиллахыг чиглэл болгосон хэлбэрээр энэ эх үүсвэрийг гаргасан болохыг Улсын Их Хурлын дарга дурдав.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.0 мянган төгрөгт хүргэж байгаа бөгөөд энэ хууль 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс буюу маргаашаас хүчин төгөлдөр болж үйлчлэх юм байна.
Энэхүү шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нэг зүгт харсан нэгдмэл бодлоготой, нийтлэг эрмэлзлийн үр дүнд биеллээ олж байгааг Г.Занданшатар дарга онцлон тэмдэглэсэн. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс үнийн өсөлтийг хязгаарлах, нэн ялангуяа өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхад бодлогын шийдвэр гаргаж ажиллах талаар санал гаргасныг Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосны зэрэгцээ тэтгэвэр, тэтгэмжийн энэхүү нэмэгдлийг дагуулан бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх уриалгыг хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд дэвшүүлсэн.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж, үг хэлснээр Улсын Их Хурын 2022 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.