Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 04 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох 51 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.


Хууль батлагдсанаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн тайлагнах болон төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчмыг хуульчилж, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй холбогдох зохицуулалтыг нэмж тусган, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн дотоод бодлогын баримт бичиг болон гамшиг, онц, дайны байдлын үеийн төлөвлөгөөний статусыг тодорхой болгож, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тавигдах шаардлагад өөрчлөлт оруулсан байна.

Улсын Их Хурал Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулан ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тус яам үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар ханган, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, холбогдох бодлого, төлөвлөлтийн асуудлыг эрхлэн ажиллах болжээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн онцлог зохицуулалтыг авч үзвэл:

1.“нэгтгэн тайлагнах зарчим” гэж Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хуралд; Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнахдаа тус хуулийн 6.7, 6.8-д заасан баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнтэй уялдуулан төлөвлөж, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, аль эх үүсвэрээс ямар хэмжээнд санхүүжсэн талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь тайлагнахаар нэмэлт оруулсан аж.

2.“төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөхдөө 6.10.3, 6.10.4-т заасан шаардлагыг хангаж Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилан боловсруулахаар зохицуулжээ.

3.“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар нэмсэн байна .

4.“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар нэмж зохицуулжээ.

Мөн дугаарт 01 дүгээр сарын 31-ний өдөр УИХ-аар баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

Түүнчлэн Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл