Цэс

Холбоо барих

“Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” цуврал сургалт хүний эрх сэдвийн хүрээнд боллоо


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” цуврал сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран өнөөдөр /2022.02.24/ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хоёр дахь удаагийн сургалт Төрийн ордонд боллоо. 


Сургалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Номинчимэг, УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан болон албаны бусад хүмүүс оролцов. Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа удирдан, чиглүүлж явуулсан.

Сургалт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын “Үндсэн хууль ба хүний эрх” сэдвийн илтгэлээр эхэллээ. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Улсын Их Хурлын харьяа байгууллагын чиг үүргийн хүрээнд Үндсэн хууль болон хүний эрх, эдийн засаг, аудитын хяналт шалгалт, авлигатай тэмцэх зэрэг чиглэлээр хэвлэл мэдээллийн ажилтнуудаа мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор цуврал сургалтуудыг зохион байгуулж буйг онцлон тэмдэглэсэн.


    1992 онд баталсан Үндсэн хуульд хүний эрхийн асуудлыг тодорхой тусгаснаараа ач холбогдолтой. Үндсэн хууль гэдэг  угтаа хүний эрх. Ардчилал, хүний эрх, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал энэ бүхэн нийлээд хүний эрх болдгийг илтгэлдээ тодотгов. 1992 оны шинэ Үндсэн хуулийн гол үзэл баримтлал нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хууль  болсон гэж олон улсад үнэлэгддэг. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт 18 зүйлээр хүний эрхийг тунхагласан. Тэрхүү 18 зүйл нь хүний эрх, эрх чөлөөг хангасан 60 үндсэн эрхийг тусгасан байдгийг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ дурдаад Үндсэн хуульд тунхагласан хүний эрхийг органик болон бусад хуулиудад бүрнээ тусгах асуудал учир дутагдалтай байсан тул  Улсын Их Хурлаас хүний эрхийг дээдэлсэн парламент болох зорилт тавьсан гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. 



    Үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ахлах референт Х.Цэцгээ “Хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сэдэвт илтгэлдээ хүний эрхэд суурилсан хандлага, хөгжил, мөн чанар болон хүний эрхэд суурилсан хэвлэл мэдээлэл гэсэн агуулгыг хөндлөө. Тэрбээр илтгэлдээ, хүний эрхэд суурилсан хандлага бол хүн төвтэй байдгийг тодотгоод энэхүү хандлага нь үйл явц, үр дүн, хүний эрхийг танин мэдэхийг чухалчлах, үүрэг хүлээгчдийг эрх зүйн болон ёс суртахууны үүрэг хариуцлагаа хүлээхэд хувь хүний болон бүлгийн эрх чухал баталгаа болно гэж үздэг. Мөн эрхээ баталгаатай эдлүүлэхийн тулд хувь хүн болон бүлгийг  чадавхжуулах, хүмүүсийг тусламж дэмжлэг авах эрхтэй гэж харахын зэрэгцээ суурь шалтгаан болон түүний илрэл дээр анхаарлаа хандуулдгийг тодотгож байлаа. 



    Дараа нь Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн доктор Б.Энхболд “Хүний эрхийн үндэсний байгууллага” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, иргэд ХЭҮК-т Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн талаар гомдол, мэдээллээ гаргадаг бөгөөд уг гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх, шаардлагатай бол Комиссын дарга 30 хүртэл хоногоор сунгадаг гэдгийг тодотгов. Мөн комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаггүйг онцлоод комиссын бүрэн эрхэд хамаарахгүй гомдол, мэдээллийг ажлын гурван өдөрт багтаан холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлдгийг дурдаж байлаа. 


 

    Сургалт “Глоб Интернэшл төв” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргалын “Disinfodemic -сэтгүүл зүй ба хүний эрхийн олон улсын хандлага” сэдвийн илтгэлээр үргэлжлэв. Тэрбээр илтгэлдээ, Disinfodemic  гэдэг нэр томьёо “КОВИД-19” цар тахалтай холбоотойгоор гарч ирснийг онцлоод  хуурамч мэдээллийн цар тахлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хэрхэн онцгой хариуцлагатай ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.


    


    Илтгэлүүдтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрхийг дээдлэх сэдвийн хүрээнд асуулт асууж, санал солилцсон. Сэтгүүлчдийн хувьд өнгөрсөн хугацаанд коронавируст халдвар цар тахлын үеэр иргэдийн гадаад, дотоодод зорчих эрхийг хязгаарлах, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй холбоотойгоор гарсан хүний эрхийн ноцтой зөрчлүүдэд Хүний эрхийн Үндэсний комисс хэрхэн ажилласныг илүүтэй тодруулж байлаа.  



    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан хариултдаа, ХЭҮК-т 2020-2021 онд нийтдээ коронавируст халдвар цар тахалтай холбоотойгоор 362 гомдол санал ирсэн байдаг. Эдгээр гомдлын дийлэнх хувийг гадаад, дотоодод зорчих, шилжих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой байсан бол дараа нь халдашгүй чөлөөтэй байх эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн хүний эрхийн таван чиглэлийн гомдол түгээмэл байсан. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК нийт 53 байгууллагад хяналт шалгалт хийж, Улсын онцгой комисс болон бусад холбогдох байгууллагуудад шаардлага, зөвлөмжийг хүргүүлж ажилласныг тодотгож байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл