Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа.
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т 2018 онд нэгдэн орсноор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн болон бусад татвар хураамжаас чөлөөлөх үүргийг хүлээсэн. Хэлэлцээр нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж эд ангийг гаалийн болон худалдааны татвар хураамжаас чөлөөлөх зорилготой.
Хуулийн төслүүд батлагдсанаар ачаа тээвэр, хөдөө аж ахуй, түргэн тусламж, сургалтын болон иргэний зориулалтаар ашиглах бүх төрлийн агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлэх, нисгэгч, инженер техникийн ажилтныг дотооддоо сургах, дадлагажуулах сургалтын зардал буурч, нислэгийн аюулгүй ажиллагаа сайжирна.
Монгол Улсад нисэхийн сургалтыг хөгжүүлэх, агаарын хөлөг угсрах, засвар үйлчилгээг өргөжүүлэх боломж бүрдэж, агаарын хөлгийн хэрэглээ өсч, ерөнхий зориулалтын нисэх, нисэхийн олон төрлийн үйлчилгээ хөгжих боломж бүрдэж, ажлын байр нэмэгдэж эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг болох ач холбогдолтой юм.
Улсын Их Хурлын Тамгын газар