Цэс

Холбоо барих

Инфографик: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга

    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


    Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нараас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны, хоригдолтой ажилласны зэрэг нэмэгдлийг олгож байгаа хэдий ч аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөц багасах, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байна. 

    Сүүлийн гурван жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба хаагч шилжин томилогдох хүсэлтээ гаргажээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад алслагдсан нутаг дэвсгэрт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад мөнгөн урамшил олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй нөхцөл, шаардлага үүссэн.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсанаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн болно. Аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн баталгаа сайжирснаар ажлын байрандаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломж бүрдэнэ гэж үзсэн.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Улсын Их Хурлын Тамгын газар


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл