“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийг Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хамт нийтэлсэн байна.
Мөн дугаарт “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоол нийтэлсэн.
“Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолд 53 хууль тогтоомжийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл; Газрын багц хуулийн төсөл; Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл; Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тус тогтоолд “КОВИД-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэхээр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.