Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийг Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр орон даяар явуулж, УИХ-ын гишүүдийг 76 мандат бүхий жижигсгэсэн 76 тойргоос шууд сонгосон юм.
Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1998 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 31 баг зохион байгуулж, тэдгээрт 20 мянга гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч ажилласан байна. Сонгуулийн үйл явцыг дэлхийн 43 улс болон олон улсын байгууллагын 436 ажиглагч, сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 100 мянга гаруй ажиглагч ажиглахаар санал авах байруудад ажиллажээ.
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ удаагийн сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 1.911,047 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1.406,123 нь буюу 73.58 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна.
Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуульд улс төрийн 12 нам, 3 эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан юм.
Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Ардын намаас 65, Ардчилсан намаас 9, МАХН-аас нэг, бие даан нэр дэвшигч нэг хүн тус тус сонгогдсон юм. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байсан нь өмнөх парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт байв.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль анх удаа Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явагдсан, сонгуулийн автоматжуулсан системийг бүрэн утгаар нь төгс хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгох эрхийг хангахад илүү анхаарсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, бар кодтой, брайль үсгийн хавтастай болсон зэрэг олон шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль байв.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА НАР
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА НАР
БАЙНГЫН ХОРООД
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр 2016-2017 онд, О.Содбилэг 2017-2019 онд, Т.Аюурсайхан 2019-2020 онд тус тус сонгогдон ажилласан.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.Гарамжав 2016-2017 онд, Л.Элдэв-Очир 2017-2019 онд, Х.Болорчулуун 2019-2020 онд тус тус сонгогдон ажилласан.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Л.Энх-Амгалан 2016-2017 онд, Ё.Баатарбилэг 2017-2019 онд, Д.Оюунхорол 2019-2020 онд тус тус сонгогдон ажилласан.
Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.Сарангэрэл 2016-2017 онд, М.Оюунчимэг 2017-2020 онд тус тус сонгогдон ажилласан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболд 2016-2017 онд, Д.Лүндээжанцан 2017-2019 онд, С.Бямбацогт 2019-2020 онд тус тус сонгогдон ажилласан.
Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар 2016-2017 онд, Б.Чойжилсүрэн 2017-2020 онд тус тус сонгогдон ажилласан.
Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд 2016-2019 онд, Х.Нямбаатар 2019-2020 онд тус тус сонгогдон ажилласан.
Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Тэрбишдагва 2016-2018 онд, Д.Дамба-Очир 2018-2019 онд, Ж.Ганбаатар 2019-2020 онд тус тус сонгогдон ажилласан.
ДЭД ХОРООД
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Б.Батзориг 2016-2018 онд, А.Сүхбат 2018-2020 онд сонгогдон ажилласан.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Ганбаатар 2016-2019 онд, Ж.Бат-Эрдэнэ 2019-2020 онд сонгогдон ажилласан.
Ёс зүйн дэд хорооны даргаар Д.Лүндээжанцан 2016-2018 онд, С.Бямбацогт 2018-2019 онд, Б.Бат-Эрдэнэ 2019-2020 онд сонгогдон ажилласан.
Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Б.Жавхлан 2016-2020 онд сонгогдон ажилласан.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар С.Чинзориг 2016-2017 онд, А.Ундраа 2017-2020 онд сонгогдон ажилласан.
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар О.Содбилэг 2016-2020 онд сонгогдон ажилласан.
Тусгай хяналтын дэд хорооны даргаар С.Батболд 2016-2020 онд сонгогдон ажилласан.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Нямдорж 2016-2020 онд сонгогдон ажилласан.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар З.Нарантуяа 2016-2020 онд сонгогдон ажилласан.
Хүний эрхийн дэд хорооны даргаар Д.Цогтбаатар 2016-2018 онд, Н.Оюундарь 2018-2020 онд сонгогдон ажилласан.
ТҮР ХОРООД
Энэ бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурал Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний тодорхой чиглэлээр, эсхүл тодорхой асуудлыг судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор байгуулан ажиллуулж болохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд дараах гурван түр хороог байгуулсан байна.
- Улсын Их Хурлын 2018 оны 38 дугаар тогтоолоор төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороог байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018-2020 онд тус түр хорооны даргаар сонгогдон ажилласан.
- Улсын Их Хурлын 2019 оны 32 дугаар тогтоолоор Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан 2019-2020 онд тус Түр хорооны даргаар сонгогдон ажилласан.
- Улсын Их Хурлын 2020 оны 31 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Баттөмөр нар тус түр хорооны даргаар сонгогдон ажилласан.