Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.15 цагт эхэлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.


Тус хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар захирамжаар дээрх хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулан байгуулсан юм.

Ажлын хэсэг хоёр удаа, дэд хэсэг гурван удаа хуралдаж, дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа.


Ажлын дэд хэсгийн хуралдааны үеэр холбогдох байгууллагууд саналаа ирүүлэн хэлэлцүүлжээ. Тухайлбал, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дээрх хуулийг үйлчлэх хугацаанд төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нэг аж ахуйн нэгжид давхардуулан хийхгүй байх, нэг төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрч, хяналт шалгалтын байгууллагууд хоорондоо харилцан уялдаатай ажиллах, төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс ноцтой осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд бодитой хохирол учирснаас бусад тохиолдолд амралтын болон нийтээр амрах баярын өдрүүд, худалдаа, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний ачаалалтай, оргил цаг үед төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхгүй байх, хяналт шалгалтыг хийхдээ аж ахуй эрхлэгчид хүнд суртал, хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байх зэрэг саналуудыг танилцуулсан байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын нэгдэн орсон Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж экспортын бүтээгдэхүүнд олгож буй гэрчилгээ, импортын мэдэгдэл, түүнчлэн давхардуулан хийж байгаа хяналт шалгалт болон  хянан-магадлагаа, олгож байгаа баримт бичгүүдийг давхардлыг арилгах, гадаад худалдааны талаарх  мэдээллийг Худалдааны нэгдсэн порталд тогтмол байршуулах саналыг гаргасан аж.

Ажлын хэсгийн хуралдаанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан их эрсдэлтэй обьектод хийдэг байх, аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналт шалгалтаа зохион байгуулж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээх зэрэг саналуудыг боловсруулжээ.

Мөн Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандарт болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу малын эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангуулах зорилготой мал эмнэлгийн хяналтын чиг үүргийг Мал эмнэлгийн ерөнхий газарт бүрэн хамааруулж, Мал эмнэлгийн ерөнхий газраас олгож байгаа мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг үндэслэн  гаалийн бүрдүүлэлт хийх тухай саналыг гарган ажлын хэсгийн танилцуулгад тусгуулахаар тогтсон гэлээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд тухайн зүйлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт шалгалт явуулаагүйгээс болоод хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учирвал яах вэ гэдэг асуудлыг өмнө нь ярилцсан. Хэрвээ хохирол учирвал хяналт тавьдаг байгууллагууд хариуцлагаас мултрахгүй шүү гэдгийг анхаараарай. Төр хяналтаа тавихгүй яасан юм бэ гэсэн шаардлагыг иргэд тавина. Хуулиар төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоосон байсан юм гэсэн тайлбар тавих эрх байхгүй гэлээ.


Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдээгүй байх үед ийм асуудал үүсчээ гэж хойшоо суух эрх байхгүй. Эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийгдээд нэлээд олон жил болж байна. Байгууллагууд ч туршлагатай болсон6 Хаана ямар нөхцөл байдалтай байгаа гэдгийг мэддэг болсон гэж бид ойлголцсон. Эрсдэлээ зөв үнэлэх нь хяналт шалгалтын байгууллагуудын гол анхаарах асуудал. Тиймээс төлөвлөгөөт шалгалт хийгдээгүйгээс ийм асуудал болсон байна, тиймээс хариуцлага хүлээхгүй гэж мултрах зүйл гарахгүй гэлээ.

Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг сонслоо

Мөн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг сонсов. Хуралдаанд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлагын төлөөлөл оролцсон.

Тайлан, санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг танилцууллаа.

Ажлын хэсгийн хүрээнд Монголын үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлага, албан хаагчдын төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болон Төрийн байгуулалтын байнгын хороонд МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан нэр бүхий албан хаагчидтай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 02 дугаар сарын 11, 14-ний өдрүүдэд нийт 9 удаагийн уулзалтыг тус тус зохион байгуулж, санал солилцжээ.


Ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 17-оос 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж ажлын хэсгийн удирдамжийн дагуу дараах таван чиглэлийн хүрээнд шалган тодруулсан байна.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох;

Олон нийтийн радио, телевизийн бодлого, үйл ажиллагаа нь олон нийтийн эрх ашигт нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийх;

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа шалтгаан, нөхцөлийг тогтоох;

Төрийн аудитын байгууллагын тайланд үндэслэн МҮОНРТ-ийн санхүүжилт, түүний зарцуулалттай танилцах;

Олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах зэрэг асуудал багтжээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд МҮОНРТ-ийн эрх зүйн байдал зарим талаар тодорхойгүй байгаагаас шалтгаалан тус байгууллагын өмч, хөрөнгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт хангалтгүй, радиогийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах 5 станц нь аналоги технологиор үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалан аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийн үед хэрэглэгчдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх боломжгүй нөхцөл үүссэн байна гэж дүгнэжээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу МҮОНРТ-д улсын төсвийн дэмжлэг үзүүлэхээр заасан боловч тухайн дэмжлэгийг улсын төсөвт ямар хэмжээгээр тусгаж, хэрхэн, ямар байдлаар олгох талаар тодорхой зохицуулалт тусгаагүйгээс шалтгаалан МҮОНРТ-ийн жил бүрийн төсвийн дэмжлэг харилцан адилгүй батлагдаж, үүнээс шалтгаалан тус байгууллагад санхүүгийн тогтворгүй байдал үүсч энэ асуудал даамжирсаар өнөөдрийг хүрсэн байна гэж дүгнэсэн байна.

Мөн ажлын хэсэг МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлтийн талаар 11 зүйл бүхий, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын талаар долоон зүйл бүхий, хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн талаар зургаан зүйл бүхий дүгнэлтийг гаргасан бөгөөд УИХ болон Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудалд анхаарах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ. Ингэхдээ, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийг сонгон шалгаруулах, төсөв, санхүүгийн хувьд тогтвортой, улс төрөөс хараат бус байх, үндэсний эв нэгдэл, соёл, түүх, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо гадаад дотоодод эерэгээр сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, нэвтрүүлгийн бодлогод тусгах талаар болон бусад өөрчлөлтүүдийг хуульд нэмж тусгах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн “Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байна” гэж заасан нь тус байгууллагын үйл ажиллагаанаас олох орлогын гол эх үүсвэрийг хязгаарласан зохицуулалт байна гэж үзэж дээрх заалтын “хоёр хувиас хэтрэхгүй байна” гэсний хувийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх талаар судлан, шийдвэрлэх талаар тусгасан байна.

Радиогийн өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцыг тоон технологид шилжүүлэхэд шаардлагатай төсвийг 2023 оны улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллах, МҮОНТ-ийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа 5629 ширхэг соронзон хальсыг тоон архивт шилжүүлэх төсвийг 2023 оны улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллах асуудлыг хөнджээ.

Түүнчлэн Засгийн газрын хүрээнд, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагын хүрээнд анхаарч ажиллах асуудлыг зөвлөмжид тусгасан байна.

Ажлын хэсгийн тайлан, санал, зөвлөмжтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ажлын хэсэг, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагын төлөөллөөс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ажлын хэсгийн тайланд МҮОНРТ 750 ажилтантай гэсэн байна. Гэтэл удирдлагын хэсэг нь 190 хүнтэй байна. Удирдлагын нүсэр бүтцийг цомхотгох бодлого бий юу хэмээн тодруулсан. Мөн тэрбээр орон нийтийн радио, телевиз арилжааны чанартай болон далд сурталчилгаа явуулахыг хуулиар хориглодог. Гэтэл бусад телевизүүдээс ялгарах юмгүй арилжааны зар сурталчилгаа явсаар байна гээд энэ асуудалд удирдлага болон Үндэсний зөвлөлийн гишүүд тайлбар өгөхийг хүссэн.


МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн М.Наранбаатар нарын хариулснаар, Удирдлагын бүтцэд Тамгын газар, суваг хариуцсан захирлууд, редакциудын продюсерууд багтдаг аж. 2021 оны нэгдүгээр сард Үндэсний зөвлөлөөс бүтцийн орон тооны дээд хязгаарыг хэлэлцэж эхлээд дөрөвдүгээр сард баталсан бөгөөд телевизийн тав, радиогийн дөрвөн суваг, цахим сайт оруулаад нийт 10 сувгийн хэмжээнд 799 хүний орон тоотой байхаар баталсан байна. Удирдлагын орон тоо өндөр байгаа мэт харагдаж байгаа ч энэ байгууллагад ажилладаг 30 гаруй жолооч, 20 гаруй инженер, техникч, 21 аймаг болон нийслэлд ажилладаг хураамжийн 25 ажилтан, 30 гаруй цэвэрлэгээний ажилтнууд Тамгын газар буюу захиргааны хэлтэст багтдагтай холбоотой гэлээ.

Энэ байгууллага улсын төсвийн дэмжлэг, хураамжийн орлого, үйл ажиллагааны орлогоор санхүүждэг ч өнөөдрийн нөхцөл байдалд арилжааны сурталчилгаа явуулахгүйгээр оршин тогтнох боломжгүй болсон хэмээн тайлбарлалаа. Төсөв танагдаад, хураамжийн орлогыг сүүлийн хоёр жилд цар тахлын нөхцөл байдлаас болоод 100 хувь авч чадаагүй хэмээн нэмж хэлсэн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ажлын хэсэг байгуулах тухай, Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолуудыг батлав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл