Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 05 дугаарын тойм

Эмхэтгэлтийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хамт батлагдсан хуулиудын хамтаар нийтэлжээ.

Парламентат ёсны хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой гурван чиг үүрэг байдаг нь “хууль тогтоох” - “төлөөлөх” - “хянан шалгах” чиг үүрэг бөгөөд манай улсын хувьд ч онолын энэхүү үзэл баримтлалыг Үндсэн хуульдаа тусгасан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Их Хурлын хууль тогтоох, төлөөлөх бүрэн эрх тодорхой түвшинд хэлбэржин тогтсон ч хянан шалгах бүрэн эрх үр нөлөө багатай хэрэгжиж ирлээ.


Ийм учраас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах зорилгоор Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг шинэ шатанд гаргах зарчмын өөрчлөлтийг Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгээр хийсэн. Үүний хүрээнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр нарын 15 гишүүн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулж 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хуулиар Улсын Их Хурлын хяналт шалгалтын зорилго, түүнийг хэрэгжүүлэх зарчим болон асуулт тавих; асуулга тавих; хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх; тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх; төсвийн хяналт; хяналтын сонсгол хийх; хянан шалгах түр хороо байгуулах зэрэг Улсын Их Хурлын хяналт шалгалтын 7 төрлийн арга хэрэгслийг нарийвчлан хуульчилж, хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.

Мөн Байнгын, дэд хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, мөн холбогдох хуулиудаар зохицуулсан Улсын Их Хуралд тайлагнах хууль тогтоомжийн биелэлтийн тайлан, илтгэл, мэдээллийг уялдуулан нэгтгэж, Улсын Их Хурлын хяналтын үр нөлөөг сайжруулах зорилгоор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын тогтоол гаргахаар тусгажээ.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хуримтлагдсан өгөгдлүүдийг задлан шинжилж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбар, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээг тодорхойлох зорилгоор тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг тогтмол хийж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байхаар тусгасан байна.

Хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах зарчмыг шинэ шатанд гаргажээ. Тухайлбал, одоогийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг жил жилд Байнгын хороо сонсоод өнгөрдөг байдлыг өөрчилж, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний тухайн жилд төлөвлөсөн арга хэмжээ нь хэдэн хувийн хэрэгжилттэй, чанарын шалгуурыг хэрхэн хангаж байгааг төсөл, арга хэмжээ тус бүрийн хувиар хэлэлцэж, энэ нь 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн 5 жилийн Үндсэн чиглэлд заасан зорилтын хэдэн хувьд хүрч байгааг нэгтгэн Байнгын хороо, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг байх. Ийнхүү хэлэлцээд Улсын Их Хурал улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл дараа жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл боловсруулах болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт тогтоолоор чиглэл өгөхөөр тусгасан. Урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтийг мөн энэ зарчмаар Улсын Их Хурал хянан хэлэлцэж байхаар зохицуулсан байна.

Төсвийн хяналтын хувьд төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үе шатны, хэлэлцүүлгийн болон хэрэгжилтэд тавих хяналтын хэлбэрүүдийг тусгаж,  хяналтын аль ч шатанд шаардлагатай гэж үзвэл төсвийн хяналтын сонсгол зохион байгуулахаар тусгаж, Улсын Их Хурлын Тамгын газрын төсвийн хяналт шинжилгээний нэгж Улсын Их Хурал төсвийн хяналтаа хэрэгжүүлэхэд шаардлагатай хараат бус, бодит мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллахаар тусгасан аж.

Хяналтын сонсголын хувьд 1) хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол; 2) төсвийн хяналтын сонсгол; 3) ерөнхий хяналтын сонсгол; 4) нэр дэвшигчийн сонсгол гэсэн үндсэн 4 төрөлтэй байхаар төсөлд тусгажээ. Онцлог зохицуулалт нь эдгээр хяналтын сонсгол Улсын Их Хурлын 5-аас доошгүй гишүүн, Байнгын, дэд, түр хорооны нийт гишүүний олонх, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлт гаргаснаар болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд, түр хэлэлцэн хүлээн авснаар эдгээр сонсголыг зохион байгуулж, явуулахаар хуульчилсан байна.

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн эрх ашгийг хөндсөн тухайн асуудлаарх үнэн, бодит мэдээллийг хуулийн хүрээнд ил болгож, иргэний мэдэх эрхийг хангана. Тодруулбал, олон улсын парламентын үйл ажиллагаанд нэгэнт жишиг болон тогтсон “investigation hearing” буюу “мөрдөн шалгах нээлттэй сонсгол хийх” замаар тухайн асуудалд холбогдох албан тушаалтан, гэрч, шинжээчийг Улсын Их Хурал дээр дуудаж тайлбар, мэдүүлэг авах, тусгай шинжээч, хянан шалгагч томилох замаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тухайн тодорхой асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодит мэдээллийг ард түмэнд ил тод болгох маш чухал ач холбогдолтой юм. Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй төлөөллийг хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах замаар иргэний мэдэх эрхийг бодитоор хангах юм байна.

Түр хорооны бүрэлдэхүүнийг тогтоохдоо Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөллийг хувь тэнцүүлэх оролцуулах, Улсын Их Хурал дахь нам, эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчмыг баримтална. Хянан шалгах түр хороонд орох гишүүнээ нам, эвслийн бүлэг өөрөө томилж, чөлөөлөх эрхтэй. Хянан шалгах түр хороо нь шинжээч томилох; гэрчээр дуудан ирүүлэх; гэрч, шинжээчээс мэдүүлэг авах; нотлох баримт гаргуулах; газар дээр нь очиж шалгах; бичиг баримтын дүн шинжилгээ хийх зэрэг хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүгээрээ хяналтын төсөөтэй арга хэлбэрээс илүү эрх мэдэлтэй, онцлогтой.

Хянан шалгах түр хороо нь нийтийн сонсгол хийх замаар гэрч, шинжээчээр дуудаж мэдүүлэг, тайлбар сонсох, баримт, мэдээллийг цуглуулж авахаа шийдвэрлэх бөгөөд Ерөнхий сайд, сайдыг асууж, хариулт авч болно. Түр хороо ямар гэрчээс мэдүүлэг авах, хэнийг шинжээчээр томилох, ямар баримт авах вэ, хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад уруулсан зөрчилд хариуцлага тооцох эсэхтэй холбоотой тодорхой эрх эдэлнэ. Хянан шалгах түр хорооны ажлын үр дүнд дүгнэлт, зөвлөмжийг багтаасан тайлан гаргаж хэвлэн нийтлэх бөгөөд Улсын Их Хуралд танилцуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл