Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 06 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

 1.Нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах, зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээллийг ойлгохоор тусгажээ. 


 2.Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд 5 ангиллын 68 төрлийн байнга нээлттэй, хаалттай, хязгаартайгаас бусад мэдээллийг нээлттэй байхаар тусгасан бөгөөд нээлттэй байхаар заасан мэдээллийг цаашид албаны нууцад хамааруулж болохгүй гэж хоёрдмол утгагүй хуульчилж мэдээллийн ил тод байх баталгааг хангаж өгчээ.

 Байнга нээлттэй байх мэдээлэлд тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, оюуны өмчийн эрх, хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл, газрын мэдээлэл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэгдсэн төсөв, үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт, түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл, түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн мэдээлэл, улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандивын мэдээлэл, хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл болон мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг, эхийн нэр, суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, санхүүжүүлсэн сургалтын зардал, гэрээний хэрэгжилт зэрэг мэдээллийг ил тод, нээлттэй байлгах тухай заасан байна.

         3.Эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүхий л ангиллын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох боломжийг нээж, ашиглах нөхцөл, журам, нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан аж.

 4.Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам зэрэг байгууллагууд байхаар тусгажээ.

 5.Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хооронд болон иргэн, хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр харилцахад ашиглагдах нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн “Хур” систем, дэмжих системүүд, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар эрх зүйн үндсийг тогтоож, мөн нийтийн мэдээллийн санг үүсгэх, ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан байна.

 Дэмжих системийн нэг төрлөөр мэдэгдэл хүргэх системийг бий болгож, иргэн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээлэлд нь бусад этгээд хандсан бол, түүнчлэн төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан бол сануулж, мөн татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөр, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, ард нийтийн санал асуулга, сонгуулийн өдрийн тов зэргийн талаар иргэн, хуулийн этгээдэд тус системээр дамжуулан мэдэгдэл хүргэж байхаар тусгажээ.

 Мөн дэмжих системийн нэг төрлөөр иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэх нэгдсэн цонх төрийн үйлчилгээний нэгдсэн систем “е-mongolia” байхаар тогтоож, түүнээс олгогдох цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг баталгаажуулжээ

 

6.Төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй, төрөөс үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг тус системээс авах, төрийн байгууллага, албан тушаалтан албан харилцаанд албаны цахим шуудан, нийтийн мэдээллийн систем ашиглах, хүн, хуулийн этгээдэд иргэний болон улсын бүртгэлийн дахин давтагдашгүй дугаараар хаяглан цахим шууданг үүсгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

     Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шуурхай, хариуцлагатай, ёс зүйтэй болгох, Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдэж, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. Түүнчлэн төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирснаар хүнд суртал, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх нь.

 Хүн, хуулийн этгээдийн хувьд төрд байгаа өөрийн мэдээллээ дахин өгөхгүй, мөн төрийн мэдээлэл, үйлчилгээг төрийн байгууллагад биечлэн хандаж авахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ.

 Иргэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө нь хангагдахаас гадна төрийн мэдээлэл, үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг байсан зардал болон цаг хугацаа нь хэмнэгдэх юм байна.

 Мөн дугаарт Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг нийтэлсэн байна. “Виртуал хөрөнгө” гэх нэр томьёог хуульд тодорхойлсон ба эдийн бус хөрөнгөд хамааруулахаар зохицуулсан. Гэхдээ виртуал хөрөнгө нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл биш юм.

 Виртуал хөрөнгийг зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулан нийтэд санал болгох, худалдах бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй компаниудын (хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны байх, мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологитой холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийсэн болон эрсдэлийг бууруулах, удирдах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх зэрэг) болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бусад журмуудад заасан шаардлагуудыг хангаснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжтой болох аж.

Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан дээрх журмуудаар тодорхойлсон үүрэг, шаардлагыг хангаж Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн тохиолдолд үйл ажиллагаандаа харилцагчдаа таньж мэдэх, тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг тогтоох, виртуал хөрөнгийг эзэмших, арилжихад учирч болох техникийн болон залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлүүдийг урьдчилан харилцагч нарт танилцуулах үүргийг биелүүлж ажиллах талаарх зохицуулалтыг тусгажээ.

Тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тухайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, эдгээртэй холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулах буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, зохистой засаглал, үйл ажиллагаа, тайлан мэдээнд тавигдах шаардлага, тохиромжтой этгээдийг тодорхойлох, хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоох, үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх, хязгаарлалт тогтоох, түр зогсоох зэрэг асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хамааруулан зохицуулалтыг тусгасан байна.

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байх түүнчлэн виртуал хөрөнгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглосон бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд болох тул тухайн хуульд заасан үүргүүдийг хэрэгжүүлж ажиллахаар зааж өгчээ.

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхэлсэн, үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгож худалдсан, өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгийг гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжих, хадгалах, удирдах нөхцөл, боломжийг тасралтгүй хангаж ажиллах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний эрх бүхий албан тушаалтан болон холбогдох этгээд нь хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, эсхүл үүргээ хэрэгжүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр, мөн түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан тохиолдлуудыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

 Энэ хууль батлагдсанаар төвлөрсөн бус тархмал систем (блокчэйн), дэвшилтэт технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, виртуал хөрөнгийг хүлээн зөвшөөрдөг, цахим шилжилтийг дэмжсэн, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох харилцааг зохицуулсан эрх зүйн орчинтой улс орон албан ёсоор болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, цаашид эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж болох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл