Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 08 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлсэн байна.

Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилт нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсгийг хэрхэн хэрэглэх, цахим гарын үсэгт тавигдах шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох юм. Хуулиар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн болон цахим орчинд үүсгэсэн мэдээлэлд /төрийн нууцад хамааруулснаас бусад/ цахим гарын үсгийг хэрэглэхээр тусгажээ.


Цахим гарын үсэг нь тоон гарын үсэг болон бусад хэлбэрийн гарын үсэг гэсэн хэлбэртэй байх бөгөөд тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байх бөгөөд тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн, гэрчилгээ эзэмшигчийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой байх шаардлагыг хангасан байна.

Төрийн албан хаагч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болох бөгөөд уг асуудалтай холбогдсон харилцааг зохицуулах журмыг Төрийн албаны зөвлөлийн саналыг харгалзан Цахим хөгжил, харилцаа холбооны яам батлах аж.

Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Цахим тамга нь тоон гарын үсэгт тавигдах шаардлагыг хангасан байх бөгөөд цахим тамгыг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ.

16 насанд хүрсэн хүн тоон гарын үсэг хэрэглэж болно. Тоон гарын үсэг хэрэглэхийн тулд тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшинэ. Гэрчилгээ олгох байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани байна. 16 насанд хүрч, иргэний үнэмлэх авах болон одоо иргэний үнэмлэхээ авчихсан байгаа Монгол Улсын бүх иргэд улсын бүртгэлийн байгууллагад 1 удаа үнэ төлбөргүйгээр тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлтээ гаргаж, үүний дагуу иргэний үнэмлэхийн санах ойдоо гэрчилгээний мэдээлэл, хувийн түлхүүрээ байршуулж авах эрхтэй байх зохицуулалтыг тусгаж өгсөн байна

Гэрчилгээг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд таван жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд түүний оршин суух хугацаагаар, эсхүл гурван жилээс дээш хугацаагаар оршин суух бол гурван жилийн хугацаагаар олгох юм. Хуулиар гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүргийг тусгайлан тусгаж өгсөн байна.

Мөн дугаарт Кибер аюулгүй байдлын тухай хуулийг нийтэлсэн байна.

Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэмээн тодорхойлсон байдаг ч кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль, эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа сул явж ирсэн байна.

Ийнхүү хууль батлагдсанаар кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо, эрх зүйн орчин бүрдэж, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах талаарх эрх, үүрэг нь тодорхой болж, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх, хяналт тавих, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах боломж бүрджээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллаж, үндэсний хэмжээний кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг хэрэгжүүлэх юм байна.

Засгийн газар үндэсний хэмжээний кибер халдлагын үед ажиллах төлөвлөгөө, стратеги, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт зэрэг баримт бичгийг батлахаар заажээ.

Түүнчлэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сантай Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд, Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус байгуулж, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг Үндэсний төв, бусад иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг Нийтийн төв тус тус хангаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн байна.

Мөн Зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах зохицуулалтыг хуульд тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл