“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 13 дахь дугаарт шинэжлэн найруулж баталсан. Ахмад настны тухай хуулийг нийтэлжээ.
Ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход энэхүү хуулийн зорилт оршиж байгаа юм.
Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ нь лавлагаа, мэдээллийн,зөвлөгөө өгөх, явуулын, өдрийн, сайн дурын, өдрөөр эмчлэх, асран сувилах, асрамжийн, хүнсний дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалагдах гэсэн төрлүүдтэй байхаар хуульд тусгажээ. Эдгээр үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ?
Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан, ахмадын байгууллага нь ахмад настан, түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагчид дэмжлэг, туслалцаа, үйлчилгээ үзүүлэх, ахмад настны эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр хүргэх, сургалт зохион байгуулах, ахмад настанд нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх аж.
Түүнчлэн ахмад настанд ус, түлш, хүнс бэлтгэх, угаалга цэвэрлэгээ хийх зэрэгт туслах, зайлшгүй шаардлагатай асаргаа, сувилгааг явуулын үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулахаас гадна ахмад настныг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдрийн, эсхүл түр байрлуулах хэлбэрээр зохион байгуулах, ахмад настанд туслах хүсэл, сонирхолтой сайн дурын байгууллага, ажилтны үйл ажиллагааг зохион байгуулж болох нь.
Хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настныг сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвөөс өдрийн эмчилгээ, сувилахуйн болон сэргээн засахын тусламж, үйлчилгээнд хамруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлэх аж.
Бие даан амьдрах чадваргүй ахмад настныг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан асрамжийн үйлчилгээнд хамруулахаас гадна Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1-д заасан өрхийн ахмад настанд хүнсний бүтээгдэхүүн авах эрхийн бичиг олгохоор хуульчилжээ.
Хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг нийтэлсэн байна.
Энэхүү хуульд зааснаар Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настан, ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнд сар бүр мөнгөн тусламж олгох юм байна.
Түүнчлэн дээрх ахмад настанд нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардалд жилд нэг удаа, дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардалд жилд нэг удаа нөхөн, орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа хөнгөлөлт үзүүлэх аж.
“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийгдыг мөн нийтэлээ хэмээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.