“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгааг өчигдрөөс эхлэн орон даяар авч байгаа юм. Энэхүү санал асуулгыг зохион байгуулж явуулах Зөвлөлдөх зөвлөл, энэ ажилд туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны байгуулсан ажлын хэсэг өнөөдөр (2017.04.13) хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хуралд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэй Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Г.Занданшатар, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав, Зөвлөлийн гишүүн, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам, Ардын Их Хурлын депутат Д.Чойжамц, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууц тооллогын товчооны дарга А.Амарбал нар оролцов.
Зөвлөлдөх санал асуулгын судалгааны түүврийн арга зүйн талаар Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Ш.Ариунболд танилцуулга хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Судалгаанд 2016 оны байдлаар 18 нас хүрсэн Монгол Улсын 2 сая иргэн хамрагдаж байгаа. Түүврийн мэдээлэл цуглуулалтын үндсэн нэгж нь өрх байх юм. Судалгааны үр дүнг зөвхөн үндэсний хэмжээнд төлөөлөхүйц байдлаар боловсруулах зорилт тавьж шинжлэх ухааны үндэслэлтэй, математик томъёоллын дагуу тооцож 1570 өрхөөс судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийхэд үндэсний хэмжээний судалгааны үр дүн гарна гэсэн тооцоог хийсэн байгаа” гэлээ.
Түүврийн хуваарилалтаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамрагдахаар сонгогдсон 1570 өрхийг Монгол Улсын бүх аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгийн хэмжээнд ижил тэгш зарчмаар хуваарилж сонгосон. Өөрөөр хэлбэл, хүн ам ихтэй аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгээс арай олон түүвэрлэгдэж, бага хүн амтайгаас нь цөөнийг түүвэрлэж гаргасан байна.
Анхдугаар зөвлөлдөх санал асуулга нь гурван үе шаттай явагдах бөгөөд судалгааны эхний шатанд сонгогдсон 1570 иргэнээс Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад заасан сэдвүүдээр Үндэсний статитикийн хорооны ажилтнууд асуулга авч дүнг ирүүлэх юм байна. Харин хоёр дахь шатанд Үндэсний статистикийн хороо эхний шатны судалгаанд сонгогдсон 1570 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар дахин сонголт хийж Зөвлөлдөх санал асуулгад оролцох 750 иргэнийг сонгох аж. Тэдгээр иргэд энэ сарын 29,30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцож доторхой мэдээлэл ойлголттой болсны үндсэн дээр зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамрагдах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.