“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай /Шинэчилсэн найруулга/-ийг нийтэлсэн байна.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.
Хуульд Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн албадын тухай” 181 дүгээр Конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн тусгасан. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг эх орондоо эргэн суурьших боломжийг бүрдүүлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой төрийн байгууллагын хүлээх үүргийг тодорхой тусгаж, зуучлагчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлсэн аж.
Тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсан, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай, хариуцлагатай хуулийн этгээдэд олгож, Монгол Улсын иргэний эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх, учирсан хохирлыг бууруулах, барагдуулах, төрийн байгууллагын үйлчилгээнд цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг ч шинээр тусгасан байна.
Хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, зөв зохистой зохицуулах зорилгоор ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах шаардлагыг шинээр тусгаснаараа ажлын байрны захиалгаа мэдээллийн санд байршуулж, ажилтнаа идэвхтэй хайсан боловч ажлын байр сул хэвээр байгаа тохиолдолд ажил олгогч гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлдэг болох юм.
Дотоодоос ажилтан авах ажлын байрын зараа 14 хоногоос доошгүй хугацаанд байршуулах, дотоодоос ажилтан авч чадаагүй тохиолдолд дараагийн ээлжинд гадаадаас ажилтан авах зохицуулалтыг шинээр тусгаж, гадаад ажилтан ажиллах ажлын байрны ангилал, төрлөөс хамаарсан зөвшөөрлийн тогтолцоог бүрдүүллээ. Гадаадаас ажилтан авсан ажил олгогч ажилтны хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх, дотоодын ажил хайгчийг гадны өндөр ур чадвартай ажилтныг дагалдуулан сургах замаар өндөр ур чадварыг эзэмшүүлэх үүргийг хүлээхээр шинээр тусгасан байна.
Мөн гадаад ажилтан авч ажиллуулж байгаа байгууллага, гадаадын ажилтны хууль тогтоомжийг сахих биелүүлэх, соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах талаар тавигдах хяналт, хариуцлагыг нэмэгдүүлсэн ба Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа тухайн улсад баталгаажуулаагүй тохиолдолд Монгол Улсад холбогдох байгууллагаар тогтоолгож баталгаажуулж болох ажээ.
Хууль батлагдсанаар мэргэжилтэй, ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлэх, дотоодын ажиллах хүчийг бүрэн ашиглах, ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдэх боломжийг бүрдүүлэх төдийгүй гадаадад ажиллаж байгаа иргэдийн гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах, эх орондоо эргэн суурьшихыг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн үр нөлөөтэй юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.