Цэс

Холбоо барих

ХЗБХ: Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.04.05/ хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.


Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав.

Тэрбээр, Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуульд нийгмийн хор аюул бага буюу тэр даруйд залруулах боломжтой зөрчилд сануулах арга хэмжээ авахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгосон, торгох шийтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэрэгсэл тусгагдаагүй, зарим торгох шийтгэлийн хэмжээ бодит байдалтай нийцэхгүй, хэт өндөр, эсвэл хэт бага хэмжээгээр тогтоосон, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан байна. Иймд иргэдэд учирч буй эдийн засгийн дарамтыг багасгах, сэтгэл зүйн хувьд хариуцлагаа ухамсарлах боломжийг олгох, хуулийн зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрт тэгш, алагчлалгүй шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хуулийн төсөлд сануулж болох зөрчлийн хэргүүдийг тусгасан байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шалган шийдвэрлэж ирсэн бөгөөд үүнээс нийт зөрчлийн 92.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих, 3.3 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 0.3 хувь нь худалдаа үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 0.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 3.6 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж буй аж.


Эдгээрээс нийгмийн хор аюул бага, шууд таслан зогсоох боломжтой зөрчлүүдэд сануулах шийтгэлийг оногдуулснаар нэгдсэн журмаар бүртгэх боломж байгаа бөгөөд үүнээс нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг шалган шийдвэрлэдэг цагдаагийн байгууллага, тэр дундаа Тээврийн цагдаагийн албанд сануулах шийтгэл оногдуулах боломж бүхий бүртгэлийн систем бүрдэх юм байна. Сануулах шийтгэлийг зөрчил бүрт оногдуулах боломжгүй бөгөөд нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан зөрчлийг сануулах зохицуулалтад хамааруулахгүй байхаар тусгасан гэлээ. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, мөрийтэй тоглох, Галт зэвсгийн тухай хууль зөрчих, Жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчих, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх тухай хууль, Донорын тухай хууль зөрчих гэх мэт зөрчлүүд сануулах зохицуулалтад хамаарахгүй юм байна.

Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар аваагүй байх, Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, улсын бүртгэлийн дугаар нь бүдгэрсэн, арилсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, тогтоосон хугацаанд иргэн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэт түгээмэл гардаг, хөдөө, орон нутгийн иргэдээс түлхүү уламжилж буй гомдлуудад тулгуурласан зөрчлүүдэд шууд торгохгүйгээр сануулах боломжуудыг нээх зорилготой юм гэж танилцууллаа. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд Зөрчлийн тухай хуульд зөрчилд тооцох шаардлагагүй үйлдлүүдийг зөрчилд тооцон нийгэмд буруу ойлголт төрүүлж байгааг залруулан зөрчлийн хүрээ хязгаарыг тодорхойлох, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хамтад нь өөрчлөх талаар саналаа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Зөрчлийн тухай хууль нь нийгмийн дэг журмыг зохицуулж байгааг анхаарч, цаашид хэвшүүлж, соёл болгоход анхаарах мөн төсөлд тусгагдсан сануулах шийтгэлийг зөрчлийн шинжээс хамаарч ялгамжтай хэрэглэх, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сануулах шийтгэлийг хуулийн төсөлд оруулсныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ 2017 онд Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа хэт өндөр торгуультай байсныг хоёр дахин багасгасан. Ингэхдээ сануулах арга хэмжээг орхигдуулсан гэж бас багагүй шүүмжлүүлсэн. Гэхдээ амьдрал баян. Хот, хөдөөд хуулийг хэрэгжүүлэхэд ялгаатай асуудал бас байна. Гудамжинд хог хаях, дугаар нь танигдахгүй шавар тоос болсон машинтай явах, аль нэг гэрэл нь ажиллахгүй байх, мотоциклийн ард суусан хүн хамгаалалтын малгайгүй байх гэх мэт зөрчлүүд байна. Ийм зөрчил хөдөө орон нутагт их тохиолддог. Эдгээрт наанатай цаанатай хандаж, эхний удаад сануулаад, дахин давтагдвал торгоё гэсэн зохицуулалтыг оруулж ирсэн гэлээ. 


Эцэст нь санал хураалт явуулахад Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы

04 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Энэ сард тус байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл