Цэс

Холбоо барих

ОУПХ-ны ээлжит 143 дугаар Ассамблейн чуулганд Монголын парламентчдын төлөөлөл оролцлоо

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ), Испанийн Хаант Улсын парламенттай хамтран ОУПХ-ны ээлжит 143-р Ассамблейн чуулганыг Мадрид хотноо 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. 2019 оноос хойш төлөөлөгчид нь биечлэн оролцож буй анхдугаар чуулганд дэлхийн 100 гаруй орон, олон улс, бүс нутгийн байгууллагуудын 1000 гаруй төлөөлөгчид хүрэлцэн иржээ.


ОУПХ-ны 143 дугаар Ассамблейн чуулганы нээлт. Мадрид хот

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтоор ахлуулсан Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны Нэгдсэн үндэстний байгууллагын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар ажиллаж, тус Ассамблейн чуулганы нэгдсэн хэлэлцүүлэг, салбар хуралдаан болон байнгын хорооны хуралдаануудад үг хэлж, бусад орны парламентын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Түүнчлэн чуулганы үеэр хуралдсан эмэгтэй парламентчдын форумаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тус форумын Удирдах товчооны гишүүнээр, Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны хаалттай хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг тус хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал ОУПХ-ны Ерөнхийлөгч Дуарте Пачеко-гийн хамт


 УИХ-ын төлөөлөгчдийн тэргүүн С.Бямбацогт Испанийн парламентын Депутатуудын танхимын Спикер хатагтай Мерител Батет Ламания-гийн хамт

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл